
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баяр биш, сануулга
Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад энэ өдрийг ихэвчлэн эмэгтэйчүүдээ баярлуулж, цэцэг бэлэглэдэг баярын өдөр мэтээр тэмдэглэдэг ч угтаа эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлын асуудлыг сануулах ач холбогдолтой өдөр юм.
Гэвч эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг буурахгүй байгааг статистик харуулж байна. Тухайлбал 2022 онд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчиндэх гэмт хэрэг 534 бүртгэгдэж байсан бол 2024 онд 643 болж өссөн нь 20.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Иймээс энэ өдрийн утга учрыг хүмүүс өөр өөрөөр хүлээн авч байгааг иргэдийн байр сууриас харж болно. Ахмад настай нэгэн иргэн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ энэ өдөр бол хүмүүс бие биеэ баярлуулдаг жирийн баярын өдөр ч мөн. Монголд эмэгтэйчүүдийн эрх хууль зүйн хувьд харьцангуй хамгаалагдсан, эрэгтэйчүүдтэй ижил боломж бололцоотой гэж бодож байна” хэмээн ярив.
Жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх шаардлага
Харин залуу үеийнхэн энэ өдрийг илүүтэйгээр эрх тэгш байдлын асуудалтай холбон харж байгаагаа хэлж байв. ЕБС-ийн сурагч А.Билэгт “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баярлах ч хэрэгтэй, эрхээ хамгаалуулах ч хэрэгтэй. Миний хувьд жендэрийн ялгааг онцолж хэлмээр байна. Эмэгтэй хүн заавал гэр цэвэрлэх ёстой, эрэгтэй хүн л тодорхой ажлыг хийх ёстой гэх мэт хэвшмэл ойлголтууд өөрчлөгдөж, хүйсээс үл хамааран эрх тэгш байх нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Жендэрт тулгуурласан хэвшмэл ойлголтууд нийгэмд одоо ч тодорхой хэмжээнд хадгалагдсаар байгааг улс төрийн төлөөллөөс ч харж болно. Тухайлбал Монгол Улсын парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй байгаа нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нэмэгдэж байгаа ч тэгш төлөөлөлд хүрэхэд цаашид анхаарах шаардлагатайг харуулж байна.
Ийнхүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь зөвхөн баярлах биш эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын талаар нийгэмд дахин сануулах ач холбогдолтой өдөр хэвээр байна.
М.Солонго






