
Ихэнх хүн бага байхаасаа л цэцгийн дэлбээгээр “хайртай, хайргүй” гэж мэргэлж үзсэн байдаг. Кино, номонд хүртэл гардаг тэр жижигхэн цагаан цэцгийг ромашка буюу балжингарав гэж нэрлэдэг. Хэрвээ та Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хайртай бүсгүйдээ, ээждээ, эсвэл ажлын бүсгүйчүүддээ ямар цэцэг бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол тухайн хүндээ тохирсон өнгийг сонгон чин сэтгэл, талархал, хүндэтгэлээ илэрхийлэх сайхан бэлэг болж чадна.
Ромашка цэцэг нь цэвэр ариун, энгийн гоо үзэсгэлэн, үнэнч хайр, тайван байдлыг илэрхийлдэг. Даруухан хэрнээ үзэсгэлэнтэй төрхөөрөө олон соёлд чин сэтгэл, гэнэн цайлган мэдрэмжийн бэлгэдэл болж ирсэн бөгөөд өнгө бүр нь өөр өөр утга агуулдаг.
Цагаан ромашка цэвэр ариун байдал, гэнэн үнэнч сэтгэл, шинэ эхлэл, чин сэтгэлийн хайрыг бэлгэддэг. Ихэнх соёлд ромашка цэцгийн үндсэн утга энэ өнгөтэй холбоотой байдаг.
Ягаан ромашка нь зөөлөн хайр, романтик мэдрэмж, талархал, эелдэг халуун дулаан сэтгэлийг илэрхийлдэг тул хайртай хүндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтойд тооцогддог.
Цэнхэр ромашка нь тайван байдал, итгэл, үнэнч нөхөрлөл, нууцлаг өвөрмөц байдлыг бэлгэддэг. Сонирхолтой нь ихэнх цэнхэр ромашкаг будсан байдлаар худалдаалдаг.
Шар ромашка нь баяр баясгалан, найрсаг нөхөрлөл, эрч хүч, аз жаргал, өөдрөг энергийг илэрхийлдэг аж.
Улбар шар ромашка нь урам зориг, эрч хүч, дулаан харилцаа, амьдралын баяр баясгаланг бэлгэддэг. Энэ өнгө нь өөдрөг сэтгэл, шинэ боломж, эерэг энергийг илэрхийлдэг тул хүнд урам хайрлах, баяр хүргэх, аз жаргал хүсэх үед бэлэглэхэд тохиромжтойд тооцогддог.
Улаан ромашка нь хүчтэй хайр, хүсэл тэмүүлэл, гүн сэтгэл, үнэнч байдлыг илэрхийлдэг. Улаан өнгө ерөнхийдөө романтик хайрын бэлгэдэл байдаг тул онцгой хүн, хайртай бүсгүйдээ чин сэтгэлээ илэрхийлэхэд тохиромжтой өнгө гэж үздэг юм байна.
М.СОЛОНГО






