
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын нээлт дээр Хятадын засгийн газрын ажлын тайланг танилцуулахдаа Бээжин энэ онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-5 хувь орчим байхаар тогтоосныг онцолжээ.
Энэ нь өмнөх жилүүдэд Бээжингийн тогтоож байсан эдийн засгийн өсөлтийн зорилтуудаас буурсан тоо бөгөөд 1991 оноос хойш Хятадын эрх баригчдын тогтоож байсан эдийн засгийн өсөлтийн зорилтуудаас хамгийн бага нь болж байна.
Ерөнхий сайд Ли Чян, “Ололт амжилтаараа бахархахаас гадна бид сорилт, саад бэрхшээлүүд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.” хэмээн 35 хуудас бүхий тайлангаа цаг гаруйн турш танилцуулахдаа дурджээ.
Мэргэжилтнүүд өнөөдөр улс орнууд тэр дундаа БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтуудыг чухалчлахаас илүү “өндөр чанартай хөгжил”-д хүрэх зорилтод ач холбогдол өгч эхэлснийг онцолж байна.
Хятадын засгийн газар дотоод эрэлтээ нэмэгдүүлснээр уналтад орсон эдийн засгаа сэргээх, АНУ болон бусад улс орнуудын хагас дамжуулагчдаас хараат бус болж хиймэл оюун ухаан, робот, орчин үеийн дэвшилтэт технологиор тэргүүлэгч улс болох зорилтуудыг нэн тэргүүнд тавихаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн 2026 төсөвтөө Хятадын засгийн газар батлан хамгаалахын салбарын төсвийг 7.2 хувиас 7 хувь болгон бууруулсан байна.
Ерөнхий сайд Ли Чяны хэлснээр Геополитикийн асуудлуудаас болж чөлөөт худалдаа эрсдэлд ороод байгаа ба дотоодод эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсанаас Бээжинд эдийн засгийн бодлогоо өөрчлөх шаардлага гарчээ.
Бээжин Ойрх Дорнодын газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай бөгөөд Ойрх Дорнодод болж буй дайн байлдаан, татварын дайн зэргээс болж газрын тосны үнэ нэмэгдэх, нийлүүлэлт нь доголдох эрсдэлд ороод байгаа юм.
Ерөнхий сайд Ли Чян, “Өнгөрсөн он жилүүдэд өнөөдрийнх шиг дотоодын саад бэрхшээл, хүнд хэцүү шийдвэрүүд нь гадны цочрол, сорилуудтай давхацсан үе ховор тохиож байсан билээ.” хэмээн, Хятадын ард иргэдийн амьдралын түвшнийг сайжруулж, дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ хэмээн амлажээ.
Түүнээс гадна Ерөнхий сайдын танилцуулсан тайлангаас Бээжинд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх том хэмжээний мөнгөний болон сангийн бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөө байхгүй байгааг харж болох юм.
Үүний оронд БНХАУ-ын засгийн газар 250 тэрбум юанийн бонд гаргахаар төлөвлөж байгаа ба энэ нь хуучин автомашин, гэр ахуйн цахилгаан бараа зэргээ шинээр солих иргэдэд олгох хөнгөлөлт урамшуулалд зарцуулагдах аж. Түүнээс гадна дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс Бээжин байр, орон сууцны бүтээн байгуулалтад хяналт тавьж, худалдагдаагүй үл хөдлөх хөрөнгүүдийн тоог бууруулах бодлого баримтлах аж.






