
Гаалийн Ерөнхий газраас өчигдөр /03.05/ амьд цэцгийн импортын статистик болон тухайн төрлийн бараанд хийдэг хяналт, шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Гаалийн Ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалан “Жил бүрийн хоёрдугаар сар амьд цэцгийн импорт хамгийн их нэмэгддэг үе байдаг. Монгол Улсад импортолж буй амьд цэцгийн 96 хувийг БНХАУ-аас, 2.2 хувийг Нидерландаас авдаг. Амьд цэцэгт гаалийн албан татвар таван хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь ногдуулдаг. Харин тухайн барааны бүлэгт онцгой албан татвар ногдуулдаггүй. Энэ оны эхний хоёр сарын байдлаар амьд цэцгийн импортод 498 сая төгрөгийн татвар ногдуулж, гаалийн байгууллага төвлөрүүлсэн” гэв.
Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 1.8 сая ширхэг амьд цэцэг импортоор оруулж ирсэн бол энэ онд 2.8 сая ширхэг болж өссөн байна.
Гаалийн Ерөнхий газрын хэлтэс хариуцсан дарга Д.Ганпүрэв “Амьд цэцгийг импортлох бүрд лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Замын-Үүд дэх гаалийн лаборатори энэ оны эхний гурван сарын байдлаар таван аж ахуйн нэгжийн импортолсон 2.2 сая ширхэг амьд цэцгийг шалгасан. Нийт 44 нэр төрлийн бараанд дүгнэлт хийж, давхардсан тоогоор 119 шинжилгээний дүн гаргасан бөгөөд зөрчил илрээгүй. Цэцэгээс хортой бодис илэрсэн гэх гомдол ирж байгаагүй. Ургамал хамгаалах болон ургалтыг дэмжих бодисыг зөвшөөрөгдсөн тун хэмжээгээр хэрэглэх шаардлага бүх улсад байдаг” гэсэн юм.
Түүнчлэн нийгмийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хорт бодис болон ургамал хамгаалах бодисын жагсаалтыг жил бүр баталдаг байна.
М.Солонго






