
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Axios сайтад утсаар өгсөн ярилцлагадаа Ираны Дээд удирдагчийг сонгох үйл явцад оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Тэрээр Ираны эрх баригчид Али Хаменеин хүү Можтаба Хаменеиг Ираны Дээд удирдагчаар томилохоор төлөвлөж байгаа нь цаг дэмий үрж байгаа явдал хэмээн, Венесуэлийн Ерөнхийлөгчөөр Делси Родригесийг томилоход нөлөө үзүүлсэнчлэн Ираны Дээд удирдагчийг томилоход ч оролцох ёстой гэдгээ илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Тегеран дараагийн удирдагчаараа өнгөрсөн бямба гарагт АНУ, Израилын агаарын цохилтод амиа алдсан Ираны Дээд удирдагч Али Хаменеин бодлогыг үргэлжлүүлэх хүнийг томилбол АНУ Ирантай 5 жилийн дараа дахиад л байлдах шаардлага гарна хэмээн, “Али Хаменеин хүүг томилохыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидэнд Иранд эв эе, энх тайван авчрах хүн хэрэгтэй.” хэмээн ярьжээ.
Ираны эрх баригчид Ираны Дээд удирдагчийн томилгооны талаар албан ёсоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ч Ираны Дээд удирдагч агсан Али Хаменеин хүү 56 настай Можтаба Хаменеи тус албан тушаалд томилогдох хамгийн өндөр магадлалтай хүн гэж яригдаж байгаа юм.






