
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлыг 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.
Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба Парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн жинхэнэ “ЭЗЭН” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.
Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.
..Миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэлт хүчтэний өмнө сөгдөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээгдэж, “хонгилдуулдаг”, улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино. Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй” хэмээжээ.
Түүний байр суурийг бүрэн эхээр дараах хэсгээс харна уу.











