
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр АНУ, Израил хоёр долоо хүрэхгүй хоногийн хугацаанд Ираны агаарын зайг бүхэлд нь хяналтдаа авах учир Иран өмнөх шигээ олон тооны пуужин хөөргөх боломжгүй болно гэжээ.
Түүнчлэн тэрээр АНУ-ын шумбагч онгоц Шри Ланкийн ойролцоо Энэтхэгийн тэнгист явж байсан Ираны байлдааны хөлөг онгоцыг устгаж живүүлсэн болохыг мэдэгджээ.
Шри Ланкийн эрх баригчдын мэдээлснээр аврагчид живсэн онгоцноос 32 хүнийг аварч, одоогийн байдлаар 80 хүний цогцсыг гаргаж аваад байгаа аж.
АНУ-ын Зэвсэгт хүчний төв штабын дарга Дэн Кейны мэдээлснээр АНУ, Израилын цохилтод Ираны тэнгисийн цэргийн 20 гаруй байлдааны хөлөг онгоц өртөөд байгаа аж.
Түүнээс гадна АНУ-ын агаарын цохилтод 2024 онд Д.Трампыг хөнөөхөөр төлөвлөж байсан Ираны нууц бүлэглэлийн тэргүүн өртөж амь үрэгдсэн байна.
П.Хегсетийн хэлснээр Вашингтон өнгөрсөн бямба гарагт Ираны Хормозган мужийн Минаб хотод АНУ-ын пуужингийн цохилтод охидын сургуулийн байр өртөж, 168 хүн амь үрэгдсэн асуудлыг шалгаж эхэлжээ.
АНУ, Израилын Иран дахь цэргийн тусгай ажиллагаа үргэлжилсээр байна. Ираны зүгээс бүс нутаг дахь АНУ болон Израилын зэвсэгт хүчний баазуудад цохилт үзүүлж, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт улс Ираны цохилтод өртөөд байна.
Израилын Ливанд үзүүлсэн цохилтын улмаас 6 хүн амь үрэгдэж, 8 хүн шархаджээ.
Ираны эрх баригчид Израилын цохилтод өртөж, амь үрэгдсэн Ираны Дээд удирдагч Али Хаменеиг лхагва гарагт оршуулах байсан ч оршуулах ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Түүнээс гадна Ираны эрх баригчид Али Хаменеин оронд түүний хоёр дахь хүү Можтаба Хаменеиг томилох төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн АНУ, Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас 1045 хүн амь үрэгджээ.






