
1999 онд аав ээж хоёр маань эх орондоо анхны цэцгийн дэлгүүрийг нээсэн нь Флора. Тэр онд Сарнай дүү минь төрж, бизнесийн гараа ч эхэлсэн. Аав маань зураач, ээж минь гоо зүйн өндөр мэдрэмжтэй бүсгүй бий.
ОХУ-д оюутан байх хугацаандаа сурах үедээ энгийн өдөр ч нэгэндээ цэцэг бэлэглэх дуртай залуусыг хараад, “Монголчууд маань ийм гоё мэдрэмж соёлтой байвал сайхан юм аа” гэх гэгээн хүсэл мөрөөдлөөр анхны бизнесээ эхлүүлсэн нь тэр.
Би айлын ууган охин. Багадаа аав ээждээ туслан дэлгүүрийнхээ шалыг нь угаахаас эхлээд цэцэг цэвэрлэх, арчлах, боож баглах, захиалах, касс хариуцах гээд л дэлгүүртэйгээ хамтдаа шахуу өссөн. СУИС-т Соёл судлалын чиглэлээр оюутан болоод, хичээлийнхээ хажуугаар дэлгүүрийнхээ ажилд тусалдаг байв.

Тэр үед 9 сарнайтай баглаа флористын ур чадварыг шалгадаг хамгийн том баглаа байлаа шүү дээ (инээв). Харин одоо чадахгүй флорист байхгүй. Ингээд бодохоор цэцэгсийн соёлыг үрслүүлэн, жижигхэн нахиа байхаас нь тордож ургуулж буй гэр бүл, хамт олноороо хамгаас илүү бахархдаг.
Хүүхэд байхдаа хүссэн хүсээгүй гэрийнхээ ажилд тусалдаг байсан бол ухаан орох тусам цаад утга учрыг нь ойлгож, цэцгийн салбарт чин сэтгэлээсээ дурлачихсан. Одоо бол цэцгийн дэлгүүргүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй.
Ингээд би 2017 онд гүйцэтгэх захирлын хүндтэй албан тушаалыг хүлээн авсан. Аймар хэр нь хийхээс өөр аргагүй амьдрал минь учраас ханцуй шамлан орсон. Цэцэг авах, өгөх, таашаах дуртай хүн гүн дотоод оршихуйтай, гэгээн тунгалаг зүрх сэтгэлтэй байдаг. Тийм хүмүүст зориулан өдөр бүр ажиллаж, хамгийн гоё дэлбээг хараад нүүрэнд нь мишээл тодроосой гэж хүсдэг. Цэцэгсийн гоо зүйн мэдрэмжээр сэтгэлээ илэрхийлэх, бусдыг баярлуулах, харилцаандаа анхаарал халамж тавин тордон услах сайхан.
Цэцэг талх шиг хүний анхдагч хэрэгцээ биш. Улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас шууд хамаардаг. Гэхдээ амьдралд үргэлж өнгө будаг дутдаг шиг цэцэг хүний сэтгэлийг сэргээж, дотоод гоо зүй, амьдралыг хайрлах мэдрэмжийг төрүүлдэг. “Эгэл цэцгээс ч гайхамшгийг олж харвал хүний амьдрал тэр чигээрээ гайхалтай” гэх Буддагийн үгийг өөртөө сануулах дуртай.
Монголд маань цэцгийн дэлгүүр олон нээгдэж, олон дэлгүүртэй болох тусам цэцгийн соёлыг таашаадаг хүмүүс ихсэж буйд баяртай байна. Тиймээс ч анхдагч, хамгийн олон жилийн туршлагатай брэндийнхээ зүгээс флористын сургалтаараа мэдлэг туршлагаа хуваалцдаг. Би өөр дээрээ гэхэд зуу гаруй сурагч төгсгөжээ.
Төгсөгч нарын маань тал гаруй хувь нь өөрсдийн дэлгүүрээ нээж, олон улсад ажиллах зэргээр салбартаа хамт яваа. Цэцгийн өнгө бүрдэл, нарийн зохилдлогоог урлагийн бүтээл мэт бүтээдэг флористууд хамгийн дутуу үнэлэгддэг дизайнерууд юм. Флорагийн анхны флористуудын нэгийн нээсэн дэлгүүр саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэсэн.
Салбараа алган дээрээ тавьсан мэт харж буй хүний хувьд, одоо манайд “premium” гэх хөөсөнд нийтээрээ багтчихсан зах зээл бүрэлдээд байна. Хөөс нь удахгүй хагаран, шилэгдэх нь тодорхой ийм үед сургалтаараа дамжуулан бодит нөхцөл байдлыг бусдадаа заан чиглүүлж, сургалтаа зарахаас илүү бодит мэдлэг мэдээлэл өгөх нь миний үүрэг гэж боддог.
Багахан цэцэгтэй, дүүрэн гялгар цаастай баглаа цэцэг хүний анхаарлыг эхэндээ татаж чаддаг. Гэвч тэр баглааг гэртээ очоод усанд хийхэд яг бүрдэл гоё цэцэг нь маш бага, хаягдал ихтэй. Цэцэг яг л хүний арьс шиг эмзэг, анхаарал шаарддаг амьд эд. Арчилж, усыг нь сольж, ишийг нь тайрах зэргээр анхаарах тусам урт удаан, шинэхэн гоёороо хадгалагддаг. Тиймээс зөвхөн өгөх хэдхэн хормыг бус нандин мэдрэмжийг сануулсаар байх цаг хугацаанд Флора үнэ цэн өгдөг.


Надад олон дэврүүн мөрөөдөл бий. Нидерланд улс алтан зул цэцгээ үндэсний брэнд цэцгээ болгон музей хүртэл хөгжүүлсэн. Үүнтэй адил эх орондоо тарьж ургуулсан, “монгол цэцэг” гэж бахархалтай гэгч нь хэлж чадах цэцэгтэй болох мөрөөдөлтэй. Үүний тулд хатуу хахир цаг уурт зохицсон судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажил биднийг хүлээж байна.
Цэцгийн салбар манайд одоо ч залуухан хэвээрээ байгаа учир нийтээрээ илүү томоор хардаг, үнэлдэг болоосой гэж хүсдэг. Заавал баяр ёслолын үеэр биш энгийн өдөр ч дотны хүмүүстээ цэцэг бэлэглэх нь амьдралыг хайрлаж буйн шинж шүү дээ. Өгөх гэж буй хүнээ сэтгэлдээ бодон, түүнд зориулах мэдрэмж сэтгэлээ дэлбээ цэцэгсээр илэрхийлэн өгөхөд цаанаасаа л жаргалтай болчихдог. Амьдралын өдөр бүхэн өнгө өнгийн гэрэлтэй, амттай учир хүн бүр амьдралыг хайрлаж, баярлан таашааж яваасай.
Флора энэ онд үүд хаалгаа нээгээд 27 нас хүрч байна. Нэг дэлгүүрээс эхэлсэн бол одоо 9 салбар, бөөний төв, онлайн дэлгүүр, цэцэг хүргэлт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болжээ. Энэ бүхний цаана цэцэгсийн соёл түгэн дэлгэрч, баглаа бүрийн ард дотно мишээл, дулаан дурсамж үлдэж буй.
Ингээд нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмдэглэлт өдрийн мэндийг Флорагийн зүгээс дэвшүүлье. Бидэнтэй цуг хамгаас нандин мэдрэмжээ хуваалцаж, хайртай нэгнээ баярын мишээлээр дүүргэж явдаг та бүхэндээ баярлалаа.
Мартын 8-ны догдлом баярт өдрийг тохиолдуулан бид энэ жил бүх эмэгтэйчүүддээ видео мэндчилгээ зориулсныг хүлээн авна уу.
Flora:
Website: https://flora.mn/t/special/holiday-collection/mart-8
Facebook page: https://www.facebook.com/flora.floralstore/
Instagram page: https://www.instagram.com/flora_floralstore/
Flora Florist Academy:
Facebook page: https://www.facebook.com/profile.php?id=61572380910841
Instagram page: https://www.instagram.com/flora.florist_academy/
[/vc_column_text][/vc_column][/vc_row]







