
Монгол адууг алдаршуулах, хайрлах, хойч үедээ зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой баримтат уран бүтээл хийгдсэн байна. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, хурдан морины “Арвагар хээр” холбооны гишүүн Ю.Үнэнбүрэн мэдээллээ.
Тэрбээр “Адуу гэдэг амьтан монголчууд үүссэн цагаас эхлэн бидний хамгийн үнэнч анд нөхөр байсаар ирсэн. Дээр үед адууны мах идэхийг хүртэл цээрлэдэг байсан. Харин Оростой 70 жил хамт байсан цаг үеэс эхлэн энэ уламжлал алдагдаж, адууны мах хэрэглэх, адууг янз бүрээр тамлан зовоох явдал нэмэгдсэн” хэмээн ярив.
“Дэлхийн монголчууд” төслийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд монгол адуу нутаг усаа гээдэггүй, хаанаас ч гүйж ирдэг чанарыг батлах туршилтуудыг хийжээ. Тухайлбал Дорнод аймгаас Сүхбаатар аймаг хүртэл мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сангийн аж ахуйгаас Баянхонгор аймгийн Богд сум хүртэл морь гүйлгэсэн байна. Үүнээс гадна морийг битүү машинд ачиж 450 км зайд хүргээд, нутагтаа эргэж ирж чадах эсэхийг туршсан аж. Эдгээр туршилтын үр дүнд монгол адуу нутагтаа эргэн ирж чаддагийг нотолсон байна.
Мөн монголын хурдан морины түүхэнд хамгийн хол зайнаас гүйж ирсэн адуу нь Вьетнамаас ирсэн хүрэн азарга гэдгийг онцолсон юм. Уг түүхийг баримтаар баталгаажуулахын тулд төслийн баг Вьетнам улсад гурван жилийн турш судалгаа хийж, тухайн үед 144 монгол цэрэг очиж байсан талаар мэдээлэл цуглуулжээ. Өдгөө 88-89 настай ахмад настнууд уг үйл явдлыг батлан ярьж байгаа аж.

Вьетнамаас гүйж ирсэн хүрэн азарганы эзэн 89 настай Лхам хэмээх буурал одоо хүртэл амьд сэрүүн байгаа бөгөөд баримтат кинонд оролцон ярилцлага өгсөн байна.
“Адуу нь гүйсэн нь үнэн, эзэн нь амьд гэрч учраас бид энэ үйл явдлыг түүхэнд үлдээх зорилгоор баримтат кино бүтээсэн. Үзэгчид зөвхөн киног хараад бүхнийг шууд ойлгохгүй байж магадгүй. Тийм учир бид баримтат кино хэрхэн бүтсэн талаараа кино хийж буй. Бүтээлийн зорилго, судалгааны явц тодорхой болсноор ард түмэн үнэнийг илүү ойлгоно гэж бодож байна” хэмээн Ю.Үнэнбүрэн хэллээ.
Тус бүтээл нь монгол адууны гайхамшигт чанар, түүхэн үнэ цэнийг олон нийтэд таниулах, монголчуудын адуунд хандах уламжлалт хүндэтгэлийг сэргээхэд чиглэж байгаа аж.
М.Солонго






