
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн энэ өдрийг Сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэж, сонсголын ач холбогдол, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл түгээж эхэлсэн бол манай улсын хувьд 2008 оноос уг өдөр анхаарал хандуулан тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр ЭХЭМҮТ-д тус өдөртэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хамтарсан өдөрлөг зохион байгууллаа.
Монгол Улс 2008 оноос хойш сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр стратегийн 2 ч бодлогын баримт бичгийг баталжээ. Тухайлбал, 2021 онд “Сонсгол бууралтыг бууруулах 10 жилийн стратеги төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд болон чих, хамар, хоолойн мэргэжлийн эмч нар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: “Эрүүл мэндийн яам 2012 оноос хойш нярайн сонсголын скринингийг хэрэгжүүлж байгаа. Үүнээс хойш 1000 амьд төрөлт тутамд 2.3 хүүхэд нэг болон хоёр талын сонсголын асуудалтай төрж байна гэсэн статистик бий. Эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхгүй бол тухайн хүүхдийн боловсрол, хэл яриа, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэв.
Дэлхий дахинд 2 тэрбум гаруй хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 500–600 сая орчим нь хүнд хэлбэрийн сонсголын бууралттай байна. 2050 он гэхэд энэ тоо 2.5 тэрбумд хүрэх магадлалтай гэсэн урьдчилсан таамаглал бий.
Өнөөдөр дэлхийн найман хүн тутмын нэг нь сонсголын тодорхой хэмжээний асуудалтай байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.


Судалгаагаар Монгол Улсад 90 мянга гаруй хүүхэд сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй гэсэн тоон мэдээлэл бий. Үүний 60 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх замаар “өвчтөн” гэх ангилалд орохгүй байх боломжтой байсан гэж үздэг.
Энэ жил Эрүүл мэндийн яам болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн зүгээс сонсгол хамгаалах өдрийг нэг удаагийн арга хэмжээ бус бүтэн жилийн турш үргэлжлэх аян болгон зохион байгуулах, улмаар холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах санаачилга гаргаад байна.


“Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол болон эрүүл мэндийн байгууллагад ялгаварлан гадуурхалтад өртөж буй асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай” гэж АУ-ны доктор Э.Жаргалхүү дурдсан юм.


Анагаах ухааны доктор Ц.Рэнцэндорж: “Сонсгол бол хүний таван мэдрэхүйн нэг хэсэг. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш хүний хөгжлийн чухал хүчин зүйл. Дижитал хэрэглээ нэмэгдэж, хэт их дуу чимээтэй орчинд ажиллах, амьдрах нөхцөл нэмэгдсэнээр сонсголын асуудал залуужиж байна” хэмээн онцоллоо.
Ирэх дөрөвдүгээр сард чих, хамар, хоолойн эмч нар, боловсролын байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн оролцоотойгоор стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
М.Солонго






