
Өнгөрсөн баасан гарагт Пакистан Афганистаны нийслэл Кабул хот болон Кандагар мужид агаараас цохилт үзүүлжээ.
Пакистаны эрх баригчид уг агаарын цохилтыг Афганистан хоёр улсын хил дээр гал нээж, Пакистаны хилийн цэргийн албан хаагчдын аминд хүрсэн явдлын хариуд үзүүлж буй цохилт хэмээн тайлбарлажээ.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф нийгмийн сүлжээнд Афганистантай дайтаж буйгаа зарлан, Пакистан улс сүүлийн 50 жилд 5 сая афганчуудыг хүлээн авч, сая сая афганчууд Пакистан улсад ажиллаж амьжиргаагаа залгуулж байгааг онцолжээ. Түүний хэлснээр талибууд Афганистаныг Энэтхэгийн колони болон утсан хүүхэлдэй болгосон аж.
Хаважа Мухаммад Асиф, “Талибууд Афганистанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алаг хядагчдыг цуглуулж, терроризмыг экспортолж эхэлсэн. Ард иргэдийнхээ наад захын эрхийг боогдуулж, лалын шашинд заасан эмэгтэйчүүдэд олгодог эрхийг хүртэл эмэгтэйчүүдээс булааж авсан. Пакистан улс хоёр улсын харилцааг хэвийн тогтвортой байлгахын тулд хичээсэн ч тэвчээрт хязгаар бий.” хэмээн бичжээ.
Афганистаны эрх баригчид хоёр улсын хил дээр явуулсан цэргийн ажиллагаагаа мөн л Пакистаны цохилтын хариуд үзүүлсэн цохилт хэмээн тайлбарласан бол Афганистаны төрийг удирдаж буй Талибан хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид Афганистан улс хилийн дагуу байршиж буй Пакистаны зэвсэгт хүчнийхэнд цохилт үзүүлж эхэлнэ хэмээн мэдэгджээ.






