
Стриминг үйлчилгээний Netflix компани Warner Bros. компанийг худалдан авах өрсөлдөөнөөс гарч буйгаа зарлажээ.
Netflix компанийн удирдлагууд болох Тед Сарандос, Грег Питерс нарын зүгээс гаргасан мэдэгдэлдээ Paramount Skydance компаниас санал болгосон мөнгөн дүнгээс илүүг гаргах нь Netflix компанид санхүүгийн хувьд ашиггүй гэж үзсэн болохоо онцолжээ.
Өнгөрсөн 12-р сард Netflix компани Warner Bros. Discovery компанийн кино ба телевизийн студи, HBO стриминг үйлчилгээг 72 тэрбум ам.долларын үнээр худалдан авах санал тавьсны дараа Paramount Skydance компани Warner Bros. компанийн хувьцаа бүрийг 31 ам.доллароор үнэлж, 108 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан билээ.
Warner Bros. компани нь Холливуудад хийгдсэн олон тооны уран сайхны кинонууд, HBO Max стриминг үйлчилгээ, CNN, Food Network зэрэг телевизийн сувгуудыг эзэмшдэг юм.
Paramount Skydance компанийг үүсгэн байгуулагч, эзэмшигч нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын түнш гэгддэг тэрбумтан Ларри Эллисоны гэр бүл юм. Paramount Skydance компани нь өөрийн гэсэн стриминг үйлчилгээний компани, Nickelodeon, CBS, Comedy Central зэрэг телевизийн сувгуудыг эзэмшдэг аж.
Эх сурвалж: BBC World






