
2025 онд БНСУ-д 254 500 төрөлт бүртгэгдэж, сүүлийн 15 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарчээ.
Тус улсад 2025 онд бүртгэгдсэн төрөлтийн тоо өмнөх жилийнхээс 6.8 хувиар нэмэгдэж, нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 0.75-аас 0.80 болсноор 2021 оноос хойш анх удаа 0.8 үзүүлэлтэд хүрсэн байна. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын өндөр хөгжилтэй орнууд дундаас Өмнөд Солонгос улс нь нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 1.0-ээс бага байгаа цорын ганц улс юм.
Нөгөө талаас нас баралтын тоо төрөлтийн тоог 108 900-аар давснаар тус улсын хүн амын тоо буурсан хэвээр үзүүлэлттэй гарчээ.
Мэргэжилтнүүд төрөлтийн тоо нэмэгдсэн нь тус улсад 1991-1995 оны хооронд 3.6 сая хүүхэд төрсөн нь өнөөдөр 30 гарч, гэр бүлтэй болж, хүүхэд гаргах насан дээрээ ирсэнтэй холбоотой гэж үзэж байна. 2025 оны байдлаар 30 дөнгөж гарч байгаа эмэгтэйчүүдийн тоо 1.7 саяд хүрсэн нь 2020 оныхоос 9 хувиар өндөр үзүүлэлт аж
Түүнчлэн засгийн газраас явуулсан санал асуулгаар гэр бүл болсныхоо дараа хүүхэдтэй болохоор төлөвлөсөн залуусын тоо 3.1 хувиар өсөж, гэр бүл болоод 2 жилийн дотор хүүхэд гаргасан хосуудын тоо ч нэмэгджээ.
Гэхдээ энэ хандлага 2027 оноос эхлэн буурах төлөвтэй байгааг хүн ам судлаачид онцолж байна.
БНСУ-ын эрх баригчид төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд олон зуун тэрбум доллар зарцуулаад байгаа юм. Шинээр төрсөн хүүхдүүдэд тэтгэмж олгох, байр орон сууц худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, амаржсаны амралтын хугацааг нэмэгдүүлэх зэргээр олон арга хэмжээ аваад байгаа билээ.
Гэсэн ч өдрөөс өдөрт нэмэгдэж буй амьжиргааны болон боловсролын зардал, хүүхэдтэй хүмүүст ажлын байран дээр хандах хандлага, залуусын дундах ажилгүйдэл зэргээс болж залуус гэр бүл болох цаашлаад хүүхэдтэй болохоос зайлсхийх нь нэмэгдсээр байна.
Эх сурвалж: The Guardian





