
2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2025 оноос Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажиллаж буй Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Э.Бат-Амгалан НИТХ-ын төлөөлөгч байхдаа буюу 2019 онд жилдээ 172 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 5.2 сая төгрөгийн хадаламжтай, 614 сая төгрөгийн өр зээлтэй гэж мэдүүлж байв.
Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.



Э.Бат-Амгалан сайдын нийт орлого гурван жилийн хугацаанд тав дахин өссөн нь анхаарал татаж буй юм.
Мөн түүний нэр холбогдож буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд өдгөө Баянзүрх, Гачууртын газруудыг авч “Nova nest town”, “Rio vista” хаус хотхон гээд тансаг зэрэглэлийн таун хаус, хотхон, хорооллуудыг барьж байна. “Кайду Вилла” хаус хотхон, “Кайду сити” 1128 айлын хотхон, кино театр, сүлжээ дэлгүүрүүд бүхий “Кайду молл” 10 давхар худалдаа үйлчилгээний цогцолборууд багтаж буй талаар хэвлэлүүдэд мэдээлэгдэж байна.
Үүнээс гадна түүний хамаарал бүхий компаниудын оролцоо бүхий “Зэс эрдэнийн хувь” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан гэх мэдээлэл бий. “Э.Бат-Амгалан нь Баянцээлийн баарны эзнээс УИХ-ын гишүүн, Баянзүрхийн газрын наймаачин, Барилгын сайд, барилгын салбарын магнат болсон нэгэн. Тэр бол Эрдэнэтийн зэсийн овоолгоос их хэмжээний зэс боловсруулсан” зэрэг мэдээлэл цацагдсан.
Хөрөнгө орлогын огцом өсөлт, холбогдох бизнесийн ашиг сонирхлын асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар олон нийтийн дунд асуулт дагуулж байна. Албан ёсны тайлбар, хяналт шалгалтын байгууллагын дүгнэлт гараагүй байгаа нөхцөлд холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байгааг иргэд онцолж байна.






