
An.mn сайт руу нэвтэрч регистрийн дугаараа оруулахад овог нэр, гэрийн хаяг, байр, орц, тоот зэрэг хувийн мэдээллүүд ил гарч ирж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “АН-ынхан хүний хувийн мэдээллийг ил болгосон нь Үндсэн хуулийн зөрчил” хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр АН-ынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ үүсээд байгаа нөхцөл байдалд хариу тайлбар өгсөн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-т заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээллийг цахимаар олгодог. Энэ хүрээнд 2024 оны тавдугаар сард АН-д хоёр сая гаруй иргэний мэдээлэл ирсэн. Энэ хүрээнд АН-д гишүүн байгаа болон гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж байгаа иргэд регистрийн дугаараа хийхэд мэдээллийг нь баталгаажуулах зорилгоор цахим системдээ тэр мэдээллийг байршуулсан.Харамсалтай нь иргэд сошиал сүлжээнд энэхүү мэдээллээ нийтэлсэнтэй холбоотойгоор тэр мэдээллийг түр хугацаагаар хаасан. Бид хуулийн зөрчил гаргаагүй. Манай намд цахимаар ирсэн мэдээлэл учир хууль бус биш. АН иргэдийн хувийн мэдээллийг санаатайгаар задруулаагүй. Сонгогчдын мэдээллийг яг ийм үед ашиглана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” хэмээн арьсаа хамгаалав.






