
Монголын бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийд шинийн 15-нд багтаан засал номоо хийлгэх гэсэн сүсэгтэн олны хөлд дарагджээ. Бид тус хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбатаас яагаад заавал шинийн 15-нд багтаан засал хийлгэж, ном уншуулах ёстойг тодрууллаа.
Тэрбээр “Засал номыг заавал шинийн наймнаас 15-ны хооронд багтааж хийлгэнэ гэсэн хатуу тогтсон ойлголт байхгүй. Хүн бүр өөрийн жил, мэнгэ, гариг эрхсийн харшил, тухайн жилийн өнгө төрхөөс шалтгаалан заслаа хийлгэдэг. . Ер нь бол арванхоёрдугаар сарын 22-ноос хойш ирэх жил ямар засалтай байна. Хэзээ заслаа хийлгэх үү гээд өөрийнхөө зав чөлөөнд тааруулах хэрэгтэй. Ер нь зургаадугаар сарын 22-ноос өмнө заслаа хийлгэчихсэн байхад л болно.
Бид энэ дэлхийд амьдарч байгаа учраас нар, сар, гариг эрхсийн нөлөөллийг тооцох нь зүйтэй. Гадна талаас ирэх гэм хор, саад бартааг ч мөн адил харж засал ном хийдэг. Харин шинийн нэгнээс 15 бол бурхан багшийн их дүйчэн өдөр гэдэг утгаар хүмүүс ихээр сонгодог” гэлээ.
Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 22-ноос хойш шинэ жилийн засал эхэлдэг бөгөөд тухайн хүн өөрт тулгарах барцад саад, биеийн өвчин эмгэг, харш жилийн нөлөө, бага харш эсэх, гариг эрхэс, нар сарны харш зэргийг харгалзан үзэж засал номоо хийлгэх ёстой аж. Ийнхүү шинийн 15-нд засал хийлгэх нь бичигдсэн хууль биш уламжлал, сүсэг бишрэл, бэлгэ дэмбэрлийн утга агуулгатай өдөр болохыг тэрбээр тайлбарлалаа.
М.СОЛОНГО







Зовлон зоолох сурталчилгаа нь 6 сар хүртэл өргөжжээ. 12 сарын 6 сарыг нь засал хийлгэхгүйгээр АМЬД ҮЛДСЭН тэнэгүүд үлдсэн 6 сарынхаа амьдралыг даатгах нь ТАВИЛАН ЮМ ДАА.