
Оросын төрийн өмчит Российская Газета болон Комсомольская Правда сонинд Telegram аппликейшныг үүсгэн байгуулагч Павел Дуровт ОХУ-ын хууль сахиулагчид “терроризмыг дэмжсэн” хэргээр хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн тухай бичжээ.
Дээрх хоёр сонинд бичсэнээр 2022 оноос хойш Telegram аппликейшн нь 153 мянга гаруй гэмт хэрэгт ашиглагдсаны 33 мянга нь хорлон сүйтгэх ажиллагаа, терроризм болон экстремизмтэй холбоотой хэргүүд байсан аж.
Түүнээс гадна П.Дуров Оросын хууль сахиулагчидтай хамтран ажиллахаас татгалзсанаас гадна Telegram нийгмийн сүлжээ нь ОХУ-ын Мэдээллийн технологи, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулах хорооноос нийгмийн сүлжээнээсээ хууль бус контент устгах 150 мянга гаруй хүсэлт илгээснийг үл тоосон гэдгийг дээрх хоёр хэвлэлд онцолжээ.
Үүний хариуд П.Дуров, “Ард иргэдээсээ айж эмээдэг улсын эмгэнэлтэй үзэгдэл” хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын алба Крокус Сити Холлд 145 хүний аминд хүрсэн алан хядагчид, Дарья Дугина болон генерал Игорь Кириллов нарын алуурчид Telegram аппликейшныг ашигласан гэж үзэж байгаа аж.






