
Английн нийслэл Лондон хотын амаржих газар өнгөрсөн 12-р сарын сүүлээр үхсэн донороос шилжүүлэн суулгасан умайгаас эрүүл саруул хүү төржээ.
Хүүгийн ээж Грэйс Белл нь төрөлхийн умайгүй ч өндгөвчнийх нь үйл ажиллагаа хэвийн төрсөн ба Их Британид 5000 эмэгтэй тутмын нэг нь ийм хам шинжтэй төрдөг гэсэн судалгаа байдаг аж. 16 нас хүрснийх нь дараахан эмч нар Грэйс Беллд хүүхэдтэй болохын тулд умай шилжүүлэн суулгах мэс засалд орох эсвэл тээгч эхийн үйлчилгээ авахаас өөр аргагүйг нь хэлж байжээ.
Их Британид үхсэн донороос шилжүүлэн суулгасан умайгаас төрсөн анхны хүүхэд болоод буй 10 долоо хоногтой Хюго хүүгийн ээж Грейс Белл, аав Стивен Пауэлл нар Грэйс Беллд умайгаа хандивласан донор, донорын ар гэрийнхэн болон эмч нарын ачаар хүүхэдтэй болсон гэдгээ онцолж, талархсанаа илэрхийлжээ. 2024 оны 6-р сард Грэйс Беллд умайгаа хандивласан донор нь нийт 5 эрхтнээ хандивлаж, 4 хүний амийг аварчээ.
Грэйс Белл амьдралынхаа туршид дархлаа дарангуйлах үйлчилгээтэй хүчтэй эм уухаас зайлсхийхийн тулд дахин нэг хүүхэд төрүүлснийхээ дараа шилжүүлэн суулгасан умайгаа авхуулж магадгүй гэдгээ онцолжээ.
Дэлхий даяар умай шилжүүлэн суулгах 100 гаруй мэс засал хийгдсэн ба тэдгээрээс 70 гаруй хүүхэд эрүүл саруул мэндлээд байгаа аж.
2025 оны эхээр Их Британид амьд донороос шилжүүлэн суулгасан умайгаас Эми нэртэй охин мэндэлсэн билээ. Эми охины ээж 2023 оны 1-р сард төрсөн эгчийнхээ умайг шилжүүлэн суулгуулсан аж.






