

Монголын сагсан бөмбөгийн дээд лигт дахин ирж, тоглож байгаад баяр хүргэе. “Сэлэнгэ бодонс” багийн бүрэлдэхүүнд нэлээн өөрчлөлт орсон. Багийн шинэ бүрэлдэхүүний талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
– Нөхцөл байдлыг ажиглаж, мэдээлэл авч байсан. Сүүлийн үед маш сайн тоглож байгаа нь харагдаж байна. Багт Жэй Скраббийг авснаар тоглолт сайжирсан. Жэй миний хувьд жоохон дүү минь л гэсэн үг. Бид нэг багт хамтдаа өмнө нь тоглож байсан. Намайг LA Clippers-т тоглож байхад шинэ тоглогчоор орж ирж байсан юм. Тэрнээс хойш бид хоёр маш сайхан харилцаатай байж ирсэн. Одоо бид Монголд дахиад нэг багт тоглох болж байна.
Мэдээж өмнө нь хамт тоглож байсан тамирчид, дээр нь багийн шинэ тамирчидтай танилцаж, хамтдаа бэлтгэлд гарч, бие биенийхээ тоглолтын хэв маяг, техникийг мэддэг болж, бие биенээсээ суралцахыг тэсэн ядан хүлээж байна.
Сэлэнгэ Бодонс баг сүүлийн үед өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа. Тийм болохоор багийн нэг эд эс болж, ялалт байгуулахад нь туслахыг хүсэж байна.
Өнгөрсөн плэй офф-ын шатанд “Хасын хүлэгүүд”-д хожигдсон. Энэ удаагийн плэй офф-д яаж тоглох бодолтой байна вэ?
– Бид өнгөрсөн плей оффыг амжилттай дуусгасан гэж бодож байна. Хүмүүс биднийг тийм хол явж чадахгүй гэж бодож байсан ч бид тэднийг гайхшруулж чадсан. Түүнээс хойш баг маань амжилтаа ахиулж, тамирчид маань ч туршлагатай болсон. Багийнхантайгаа талбайд гарч, бүхнээ шавхан энэ удаагийн плей оффын аварга болно гэж найдаж байна.
Таны хувьд зодог тайлах бодол байгаа юу?
– Мэдээж тэр өдөр ойртсоор байгаа. Гэхдээ би өнөөдрөөрөө амьдарч байна. Сагсан бөмбөгтөө хайртай хэвээр байгаа. Энэ спортоороо өндөр түвшинд тоглосон хэвээр байхыг эрмэлзэж байна. Би одоо 35 настай, зодог тайлах цаг маань ойртсоор л байна. Яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч тэр цаг ойртоод л байна.
Та өмнө нь MBA-ээс гадна өөр лигт 2 улирал дараалан тоглож байсан удаа бий юу?
– Пуэрто Рикод нэг бус удаа тоглосон. Пуэрто Рико, Монгол хоёрт л тоглосон юм байна.


Та юу мөрөөддөг байсан бэ, мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
- Мөрөөдөлдөө хүрсэн үү гэж үү? Сагсан бөмбөгийн спортын тал дээр бол хүрсэн гэж бодож байна. Би дэлхийн олон улс, оронд тоглож байсан. Ялж ч байсан, ялагдаж ч үзсэн, оргилд нь ч хүрсэн, ёроолд ч унаж үзсэн. Сагсан бөмбөгийн спортод тавьсан бүх зорилгодоо хүрсэн гэж бодож байна.
Та сагсан бөмбөгийн тамирчин байгаагүй бол юу хийх байсан бэ?
- Гоё асуулт байна. Гэхдээ хариулахад хэцүү юм. Багаасаа л сагсан бөмбөгийн тамирчин болно гэсэн шийдвэр гаргасан учир тавьсан зорилгодоо хүртлээ зогсоогүй. Жоохон байхдаа цагдаа эсвэл гал сөнөөгч болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ анхнаасаа л сагсан бөмбөгөөр хичээллэнэ гэж зорьсон учир сагсан бөмбөгийнхөө карьерыг хөөсөн.








