
Манай сурвалжлах баг “Home tour with Mandukhai” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг бэлтгэхээр Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутагт орших н.Лхамсүрэн гуайн зээ хүү, контент бүтээгч Ц.Батзоригийг зорьсон юм.

Багаасаа хошин шогийн жүжигчин болохыг хүсдэг байсан түүний хувьд хүн инээлгэхийн тулд заавал жүжигчин болохгүйгээр хөгжилтэй бичлэгүүд хийж болох юм байна гэж шийдэн өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн tiktok дээр бичлэгүүдээ оруулж эхэлж байжээ. Үргэлжлүүлэн instagram, facebook-т нийтэлснээр эчнээ олон хүний таньдаг хайртай хүү болж.
Түүний контентоо хийдэг цор ганц хэрэгсэл нь A12 утас. “Миний энэ тийм ч сайн утас биш л дээ. Гэхдээ надад бол болоод л байдаг юм” гэх үгнээс хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх зан чанараас нь суралцмаар.
Бичлэгүүд нь их сонирхолтой эвлүүлэгтэйг та бүхэн мэдэх биз ээ. Түүнийгээ өөрөө capcut аппликейшн дээр оролдсоор байгаад сурсан аж.
Гэртээ байхаар бичлэгний санаа орж ирэхгүй, гадуур явахаар нэлээн их санаа олдог гэнэ. Олсон санаагаа контент болгохдоо гэрийнхээ цэнхэр хөшигний урд суугаад өвөө, эмээ ахыгаа цаашаа харуулж хэвтүүлж байгаад хийдэг юм байна.


Хүнд сэтгэл, хүсэл мөрөөдөл байвал юугаар ч юуг бүтээж болдгийг Зоригоо хүү харуулна.
Нутагт нь боохой их тул өглөө малаа дагаж гараад орой нар жаргахын алдад гэртээ ирнэ. Тэр хугацаандаа зүгээр ч явахгүй авсан бичлэгүүдээ эвлүүлж, сүлжээ хайж гараа өргөсөөр бичлэгүүдээ нийтэлдэг.


“Сүлжээ тийм ч сайн орохгүй болохоор гараа өргөж зогсохдоо дотроо 100 тоолдог. Гарынхаа өвчинг мартахын тулд. Тэгээд харахаар дөнгөж хоёр хувь л дээшилсэн байдаг”


Олны танил болж яваа итгэлийг яаж даая гэж боддогийг нь асуухад:
“Би болж өгвөл өдөр бүр л бичлэгээ оруулаад явмаар байдаг юм. Заримдаа манай энд цас ороод гэрийн ажил эхэлнэ. Дээр гурав, дөрөв хоног завгүй бичлэгээ оруулж амжаагүй дээ маш их эмзэглэсэн. Ёстой нэг дахиж ингэхгүй дээ л гэж бодсон” гэв.


Тэгвэл ямар хүн байхыг хүсдэг вэ гэхэд:
“Үг дуу цөөтэй хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийдэг хүн байхыг хүсдэг. Миний үлгэр жишээ авч явдаг хүн бол Б.Орхонбаяр арслан. Даан ч би тийм байя гэхээр над шиг далжгар хүн дуугүй байна гэж байхгүй юм байна лээ” гээд инээв.


Анх удаа ярилцлага өгч байгаа болохоор үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ гэтэл:
Манай үзэгчид үнэхээр хөөрхөн хүмүүс байдаг. Тэгээд би энэ үгийг хэлье гэж бодоод л байсан юм. “Хэн ч биш байсан намайг хэн нэгэн болгож байгаад баярлалаа”
Ц.Батзориг хүүгийн орсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Ерөнхий ивээн тэтгэгч: https://www.bumtan.mn








