
БНСУ-ын экс Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бослого үймээн зохион байгуулж, цэргийн дэглэм тогтоохыг оролдсон хэргээр бүх насаар хорих ял оноожээ.
Сөүл хотын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл 2024 оны 12-р сарын 3-ны өдөр зэвсэгт хүчний албан хаагчдад БНСУ-ын парламентын ордныг бүсэлж, хууль тогтоогчдыг баривчлахыг тушааснаар үндсэн хуулийг зөрчсөн, түүний үйлдэл Өмнөд Солонгосын ардчиллыг үндсээр нь ганхуулсан учир хатуу ял оноох нь зүйтэй гэж үзжээ.
Шүүгч шийдвэрээ танилцуулсны дараа экс Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын өмгөөлөгчид шүүхийн шийдвэр ямар ч баттай баримт нотолгоон дээр суурилаагүйг онцолж, шүүгчийг урьдаас бэлдсэн зохиолын дагуу шийдвэр гаргалаа гэж буруутгажээ.
Талууд давж заалдвал хэрэг Дээд шүүх рүү шилжих ба Дээд шүүхийн шийдвэр гартал багагүй хугацаа шаардагдах аж.
Экс Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын цэргийн дэглэм тогтоохыг оролдсон хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн сард БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дук Суд 23 жилийн хорих ял, өнгөрсөн пүрэв гарагт Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюнд 30 жилийн хорих ял тус тус оноогоод байгаа юм.
Эрх баригч Ардчилсан нам Юн Сүк Ёл нь БНСУ-ыг үндэс сууриар нь цочроосон бослого үймээний гол санаачлагч гэдгийг онцлон, шүүхээс Юн Сүк Ёлд цаазын ял оноогоогүй нь ардчиллаас ухарсан шийдвэр хэмээн мэдэгджээ.
Экс Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хууль сахиулагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон хэргээр хэдийн хорих ял эдэлж байгаа билээ.
Юн Сүк Ёлоос өмнө БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан хэд хэдэн ерөнхийлөгч хэрэгт холбогдон, хорих ялаар шийтгүүлж байсан ба тэдгээрийн зарим нь 2-5 жил хоригдсоныхоо дараа өршөөлөөр суллагдаж байсан түүхтэй бөгөөд Юн Сүк Ёл ч мөн ийм замаар суллагдана гэж хүмүүс таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: bbc.com






