Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилээ үдэж Сүрээр дарагч хэмээх гал морин жилээ угтан авах энэ цаг мөчид өнөө жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд түрүү, үзүүрт хүрч барилдах магадлал өндөр бөхчүүдийг нэрлэж байна.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээ, Хемон констракшны бөх Дархан аварга Н.Батсуурь. Энэ цаг үед идэр залуу бөхчүүдтэй эн тэнцүү барилдаж буй дархан аварга Н.Батсуурь улсын наадамд шөвгийн дөрөвт өнгөрсөн жилийн баяр наадмын үзүүр бөх Улсын гарди Н.Өсөхбаярыг амлан авч барилдсанаас хойш заал танхимын барилдаанд төдийлөн гараагүй дархан аварга “Алтан цом”-ын барилдаанд “Хамаг монгол” багаа ахлан орж багийнхаа ялалтад өөрийн хувь нэмрээ оруулж байна. Түүний хувьд цагаан сарын барилдаанд нэг удаа үзүүрлэж, гурван удаа шөвгөрсөн дархан аваргаас бөхийн хорхойтнууд чамгүй амжилт хүлээж байгаа нь дамжиггүй биз ээ.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группын бөх Улсын арслан Ц.Бямба-Отгон. Монгол Бөхийн Өргөөний намрын нээлтийн барилдаанаар түрүүгээр эхлүүлсэн Ц.Бямба-Отгон арслан заалны барилдаанд гурван түрүү хүртжээ. Тодруулбал Нутгийн Буян группийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаан, Шинэ үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулсан бөхийн барилдаануудад тус тус түрүүлсэн амжилт үзүүлжээ. Мөн “Алтан цом”-ын төлөөх багийн барилдаанаар “Хубилай хаан” багийг ахлан орж 21 даваа аваад байна. Залуу арслангаас өнөө жилийн цагаан сарын бөхийн барилдаанд чамгүй амжилт үзүүлнэ хэмээн бөхийн хорхойтнууд хүлээж байна.
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат М Си Эс групп, Нэгдэл клубын бөх Улсын арслан Э.Батмагнай. Ардын хувьсгалын 104 жилийн ойн наадамд одтой сайхан барилдаж түрүүлэн 2000-аад оны төлөөллөөс хамгийн түрүүнд төрийн наадмын түрүү хүртэж арслан цол хүртсэн идэр залуу хүчтэн билээ.
Залуу арслан Э.Батмагнай төрийн наадмын түрүү хүртсэнээс хойш заалны барилдаанд нэг үзүүр хоёр түрүү хүртжээ. Тодруулбал Их эзэн Чингисхааны мэндэлсний 863 жилийн ойн бөхийн барилдаан, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд тус тус түрүүлсэн бөгөөд “Алтан цом”-ын төлөөх барилдаанд М Си Эс энержи багаа ахлан орж 27 даваа аван багын бөхчүүдээ өнгөлж байна. Түүнийг цагаан сарын бөхийн барилдаанд нэг удаа зургаа нэг удаа дөрөв давж байсан удаатай түүний цагаан сарын барилдаанд түрүүлж, цаашлаад улсын наадамд дахин түрүүлж аварга цолтон болно гэж хүлээж буй дэмжигчид нь цөөнгүй билээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Апу ХК-ын бөх Улсын арслан Б.Орхонбаяр. “Physical Asia” шоунд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Үндэсний бөхийг дэлхий дахинаа сурталчилсан залуу арслан юм.
Улсын арслан Б.Орхонбаяр нь Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, Их Монгол хэмээх Х.Шаравжамцын 150 насны ойн барилдаанд түрүүлэн “Алтан цом”-ын төлөөх тойргийн барилдаанд Апу, Скайтел багийг ахлан орж, 18 даваа аван багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Цагаан сарын барилдаанд нэг удаа зургаа, нэг удаа дөрөв, нэг удаа гурав давж байсан залуу арслангаас бөхийн хорхойтнууд өнөө жилийн цагаан сарын барилдаанаар чамгүй амжилт үзүүлнэ хэмээн итгэн хүлээж суугаа нь дамжиггүй биз ээ.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд бөхийн дэвжээ, Монтед констракшны бөх Улсын заан Б.Бат-Өлзий. Заал, танхимын барилдаанд түрүү үзүүрээрээ нэлээн дээгүүр бичигдэх улсын заан Б.Бат-Өлзий энэ улиралд заал танхимын барилдаанд хоёр удаа үзүүрлэж, гурван удаа шөвгөрч, “Алтан цом”-ын төлөөх барилдаанд нийт 16 даваа аваад байна. Цагаан сарын барилдаанд хоёр удаа түрүүлж, гурван удаа шөвгөрсөн “Баавгай зааныг өнөө жилийн цагаан сарын барилдаанд амжилттай барилдаж, цаашлаад улсын наадамд түрүүлж, холын цэнхэр Ховд аймагт нар мандуулна хэмээн бөхийн хорхойтнууд хүлээж буй нь дамжиггүй биз ээ.
Завхан аймгийн Яруу сумын харьяат Жем интернэншл, Завхан даян дэвжээний бөх Улсын заан М.Лхагвагэрэл. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн 1024 бөхийн барилдаанаар Завханы хүү яруухан барилдаж заан цол хүртсэн М.Лхагвагэрэл энэ улирал заал, танхимын барилдаанд төдийлөн зодоглоогүй ч “Алтан цом”-ын барилдаанд 22 даваа авч, цагаан сарын барилдаанд нэг удаа үзүүрлэж, хоёр удаа шөвгөрсөн залуу заанаас бөхийн хорхойтнууд өнөө жилийн цагаан сарын барилдаанд чамгүй амжилт гаргаж цаашлаад улсын наадамд түрүүлнэ гэсэн таамгийг бөхийн хорхойтнууд дэвшүүлж байна.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд бөхийн дэвжээ, Нью порогресс группын бөх Улсын манлай заан Б.Пүрэвсайхан. Ардын хувьсгалын 103 жилийн ойн наадмын тавын даваанд хүнд бэртэл авснаас хойш жил гаруй хугацаанд бөхийн барилдаанаасаа завсарлага аваад байсан манлай заан энэ улирлын барилдаанд нэг үзүүрлэж, нэг удаа шөвгөрсөн амжилттай байна. Мөн “Алтан цом”-ын төлөөх барилдаанд зургаан тойргийн дараах байдлаар 18 даваа цуглуулжээ. Цагаан сарын барилдаанд хоёр удаа үзүүрлэж, нэг удаа шөвгөрсөн манлай заанаас бөхийн хорхойтнууд чамгүй амжилт хүлээж, цагаан сарын барилдаанд түрүүлж, улсын наадамд түрүүлнэ хэмээн итгэж буй бизээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан хэнтийн аварга дэвжээ, Эбэг ХХК-ын бөх Аймгийн хурц арслан Д.Алтанцоож. Аймгийн цолтнууд дундаа заал танхимын барилдаанд өндөр амжилттай барилддаг тэрээр энэ улирлын заалны барилдаанд гурван удаа шөвгөрч, нэг удаа үзүүрлэн “Алтан цом”-ын төлөөх барилдаанд 22 даваа авчээ. Түүнийг улсын цолонд хамгийн ойрхон бөхийн тэргүүн эгнээнд бөхийн хорхойтнууд нэрлэдэг.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алдар спорт хороо, АПУ ХК-ын бөх Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар. Энэ улирлын заалны барилдаанд хоёр удаа түрүүлж, нэг удаа шөвгөрөөд буй. “Алтан цом”-ын барилдаанд 16 даваа авч багтаа өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Цагаан сарын цуврал барилдааны нэг болох Дашчойлон хийдийн нэрэмжит Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд нэг удаа түрүүлж байсан түүнээс бөхийн хорхойтнууд чамгүй амжилт хүлээж буй нь ойлгомжтой.
Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Номин холдингийн бөх Аймгийн арслан Ц.Төмөрцоож. 2026 оны нээлтийн барилдаан болох Атар хэвийн боовны баяр Аймаг цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, “Алтан цом”-ын төлөөх барилдаанд багаа төлөөлөн барилдаж 13 даваа авсан түүнийг цагаан сарын барилдаанд амжилттай барилдаж, улсын цол хүртэх ирээдүйтэй бөх хэмээн бөхийн хорхойтнууд харж байна.
Өрөг.мн цагаан сарын бөхийн барилдаанд түрүүлэх магадлал өндөр 10 бөхийг нэрлэлээ. Та бүхэн ирж буй гал морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.