
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи улс төрийн карьераа дэнчинд тавьж, парламентын дахин сонгууль явуулах шийдвэр гаргаснаар түүний Либерал Ардчилсан нам өнгөрсөн ням гарагт болсон сонгуульд үнэмлэхүй түүхэн ялалт байгуулав.
Либерал Ардчилсан нам Японы улс төрийн эрх мэдлийг олон арван жилийн турш атгасаар ирсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал, тус намын гишүүдийн холбогдсон хэрэг, дуулиан шуугиан зэргээс болж тус намд үзүүлэх иргэдийн дэмжлэг буураад байсан юм.
Өнгөрсөн 10-р сард Японы Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдож, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдож ажилласан 4 сарын хугацаанд Санаи Такаичигийн рейтинг огцом өсжээ. Тэрээр улс төрийн идэвх муутай залуусын сонирхлыг татаж, олон арван жилийн турш ахмад насны эрэгтэйчүүд зонхилсон Японы улс төрд шинэ өнгө төрх нэмээд байгаа юм.
Түүний ачаар Либерал Ардчилсан нам өнгөрсөн ням гарагийн сонгуулиар парламентын суудлын 2/3-ыг авч, Дэлхийн 2-р дайнаас хойш нэг нам дангаараа парламентын доод танхимын супер олонх болсон анхны тохиолдол болоод байна.
Нийгмийн талаас Санаи Такаичи ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг, эхнэр нөхөр 2 нэг овогтой байхыг дэмждэг нэгэн юм.
Тэрээр Японы пацифист үндсэн хууль тэр дундаа үндсэн хууль дахь дайныг эсэргүүцсэн заалтыг өөрчлөх хүсэлтэйгээ илэрхийлж, өнгөрсөн даваа гарагт Японы үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөө шаргуу ажиллана гэжээ.
Эдийн засгийн талаас Санаи Такаичи олон хүний бүрэлдэхүүнтэй засгийн газрыг дэмжиж, түүхэнд байгаагүй өндөр төсвийг баталсан билээ. Тэрээр АНУ, Их Британи, Итали, БНСУ зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзалт хэлэлцээ хийж, гадаад харилцаагаа сайжруулах алхмуудыг хийгээд байгаа билээ.
Санаи Такаичи Японы бусад улс төрчид, төрийн тэргүүнүүдийн тогтсон дүр төрхийг гарцаагүй эвдсэн юм. Тэрээр мотоцикл унадаг, бөмбөр тоглодог, хэви метал хөгжим сонсдог зэргээс гадна үе удмаараа улс төртэй холбогдсон улс төрчидтэй харьцуулахад энгийн нэгэн гэр бүлээс гаралтай бүсгүй юм.
Санаи Такаичи тэргүүтэй Либерал Ардчилсан намын сонгуулийн ялалт Японы ард иргэд өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж, барууны үзэл баримтлал руу хазайж буйг харуулав.
Түүнээс гадна нийгмийн сүлжээ хэрэглэгчид түүний эдэлж хэрэглэж, өмсөж зүүж буй бүх зүйлсийг анхааралтай ажиглаж байгаа энэ үед Санаи Такаичигийн баг цахим орчин, нийгмийн сүлжээнд маш ухаалаг, мэдрэмжтэй стратеги баримталсан нь ч сонгуулийн үр дүнд багагүй нөлөөлжээ.
Санаи Такаичигийн төрсөн Нара хотод бэлэг дурсгалын дэлгүүрүүд Санаи Такаичигийн зураг, хэлсэн үгтэй алчуур, түлхүүрийн оосор, үзэг бал, түүний зурагтай жигнэмэг хүртэл борлуулж эхэлжээ.
Санаи Такаичигийн засгийн газарт хурдацтай хөгширч буй хүн ам, үнийн өсөлт, иений ханшийн сулрал зэрэг дотооддоо шийдвэрлэх асуудлуудаас гадна гадаад харилцааны тал дээр БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгох асуудал тулгараад байна.
Өнгөрсөн 11-р сард Санаи Такаичи парламентад үг хэлэх үеэрээ Бээжин Тайвань руу довтолбол Токио хариу арга хэмжээ авна гэж дурдсан нь Япон-Хятадын харилцаа хурцдахад хүргэсэн билээ. Бээжин Япон руу чиглэсэн нислэгүүдээ цуцалж, Японы далайн хүнсний импортод хязгаарлалт тогтоож, иргэддээ Япон руу зорчихгүй байхыг зөвлөх зэргээр арга хэмжээ аваад байгаа юм.
Эх сурвалж: CNN






