
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонгыг ажлаас нь чөлөөлөх захирамжийг 2026.01.06-ны өдөр гаргасан.
Үүнээс хойш театрын дарга хэн болох нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрч ажилчид нь нэгдүгээр сарынхаа цалинг авч чадахгүй, хэзээ мөнгөтэй болохоо ч мэдэхгүй гацалтын байдалд орон өнөөдөр өөрсдийн цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон ажилчид:
“Театрын дарга солигдож байгаагаас болж ажил хүлээлцэх үйл явц удааширснаас болж бид цалингаа авч чадахгүй, зээл нэхэгдэж өдөр шөнөгүй утас дуугарч, нийгмийн асуудал хурцдаж, бидний эрх зөрчигдөж байна.
Түүний хажуугаар цахим орчинд хуучин даргын талаар ярихдаа театрын ажилчдыг өмнө нь архичин, нэлээн асуудалтай хүмүүс байж байгаад Г.Солонго дарга болсноор амьдрал ахуй нь сайжирч дээшилсэн мэтээр ярьж, ажилчид руу дайрч, доромжлох үйлдлүүд гарч байна.
Бид даргаа муулах гэж энэ мэдэгдлийг хийгээгүй. Гэвч гаднаас нь дүгнэж, дотоод асуудлыг мэдэхгүйгээр ийм асуудал гаргаж цахим орчинд хэлэлцүүлж байгаад харамсаж байна.
Бид Г.Өнөрбаяр даргын гаргасан Г.Солонго даргыг ажлаас чөлөөлөх захирамж бичигтэй санал нэг байгаа.
Г.Солонго дарга та үнэхээр л хамт олноо боддог, хайрладаг юм бол хувийн асуудлаасаа урьтаж бидний цалин, мөнгө, нийгмийн асуудлыг эхлээд шийдэж өгөөч ээ гэж гуймаар байна” гэж мэдэгдсэн юм.






