
Ахмадуудын төлөөлөл тэтгэврийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэд Цагаан сараас өмнө тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгон нэмэхийг шаардаж байгаа аж.
Уг шаардлагыг 2025.09.25-ны өдөр Монголын Ахмадын Холбооноос төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн ч тодорхой шийдвэр гаргахгүй байна гэв.
Тэдний төлөөлөл “Бид дахин шаардлага хүргүүлж, хатуу сануулга өгч байна. Үнийн өсөлт давамгайлсан, инфляц нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд 150 мянган төгрөгөөр авдаг байсан ууцыг өнөөдөр 500 мянган төгрөгт авч хүрэхгүй байна.
Яаж биднийг Монголын хүндэтгэлийн Цагаан сарын баярыг тэмдэглэ гэж байгаа юм бэ? Өндөр үнэтэй эм, хүнсний хэрэглээг бид ярихгүй байгаа.
Үр хүүхэдтэйгээ, боломжтой нөхцөлд монгол ёс уламжлалынхаа дагуу Цагаан сараа тэмдэглэхийг хүсэж байна.
24 аймаг 330 сумын бүх ахмадын төлөөллүүд нэгдэж төрийн өндөрлөгүүдэд хүсэлт хүргүүлнэ. Тэгээд ч нэмэгдэхгүй байвал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж олон улсад хандах болно” гэв.






