
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Тэмээн дээрээс наран ойрхон” Тэмээчдийн Улсын V зөвлөгөөн өнөөдөр Мандалговь хотод боллоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон өвлийн их наадамд оролцож буй 12 аймгийн удирдлагууд, 213 тэмээчин оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Мөн 20 жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцолсон юм. Түүнчлэн “Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг цохон тэмдэглэв.
Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, “Соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл”, “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцлээ. 

Зөвлөгөөний үеэр хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөн, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад оруулж буй малчдын бодитой хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Дундговь аймгийн Хулд сумын малчин, Улсын аварга малчин Ц.Лувсандорж, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин Х.Жигмэддорж, Говь-Алтай аймгийн Цээл сумын малчин, Улсын аварга малчин С.Харваа, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин, Улсын аварга малчин Э.Баярмагнай нарт Монгол Улсын Гавьяат малчин цолыг хүртээлээ. Мөн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөн, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад оруулж буй малчдын төрийн одон медаль гардуулав.














