
Монгол Улсад волейболын дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд болж буй 2025-2026 оны улирлын дээд лигийн тэмцээний финалд өрсөлдөх багууд албан ёсоор тодорлоо.
Эмэгтэйчүүдийн дээд лигт Говь-Алтай аймгийн Д.Эрдэнэбулган ахлагчтай “Минтонетт Говь” клуб, “Хобби Эйс”-тэй алтан медалийн төлөө барилдахаар шалгарав. “Минтонетт Говь” клубын хувьд хоёр дахь удаагаа дээд лигт тоглож байна. Тэд плей-оффын цувралд улирлын тоглолтод амжилтаараа тэргүүлсэн “Хилчин”-ийг 3:1-ээр буулган авсан юм. Хүрэл медалийн төлөө тоглолтод “Хөвсгөл 7 од”-той “Хилчин” өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдээс “Төв Миг”, “Алтайн барс”-тай финалд шалгарсан бол “Дархан Могулс”-ын эсрэг “Мегастарс” хүрлийн төлөө тоглоно.
Финалын тоглолтыг долоон цувралаар шийдэх бөгөөд түрүүлж дөрөв хожсон баг аваргын алтан медалийн цом өргөх ажээ. Дээд лигийн медалийн төлөөх тоглолт “Степп Арена”-д энэ сарын 27-ны мягмар гарагт эхэлнэ.
Монголын волейболын холбооны дээд лигийн 2025-2026 оны улирлын эрэгтэй “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Дархан Могулс” багийн довтлогч М.Уранбаяр тодорсон байна. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг “Хобби Эйс”-ийн довтлогч Тамүра Хикарү хүртлээ.






