
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бага хүү Бэррон Трампын нэр Лондон хотын Снэрсбрүк дүүргийн шүүхэд хэлэлцэж буй хэргийн хавтаст хэрэгт дурдагджээ. Тэрээр өнгөрсөн оны 1-р сард Лондон хотын цагдаагийн газарт тус хотод амьдардаг эмэгтэй найз руугаа видео дуудлага хийх үеэр найз нь танихгүй эрэгтэйн халдлагад өртсөн тухай дуудлага өгсөн аж.
Шүүх хуралд шүүгдэгчээр оролцож буй ОХУ-ын иргэн 22 настай Матвей Румянцев нь хохирогч эмэгтэйг Бэррон Трамптай хардаж, Бэррон Трамп хохирогч эмэгтэй рүү видео дуудлага хийхэд нь уурлаж, биед нь халдсан аж. М.Румянцевыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийг боомилох гэж оролдсон, хүний биед халдаж, хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Шүүх хурлын үеэр Бэррон Трампын цагдаад өгсөн дуудлагыг сонсгосон ба уг дуудлагад Б.Трамп Лондонд байдаг эмэгтэй найз руугаа видео дуудлага хийсэнд түүний дуудлагыг танихгүй эрэгтэй хүн авсан тухай мөн тухайн эрэгтэй эмэгтэй найзыг нь цохиж байсан нь камерт харагдсан тухай мэдүүлжээ. Тэрээр халдлагад өртсөн бүсгүйтэй ямар харилцаа холбоотой вэ гэж асуусанд тухайн бүсгүйтэй нийгмийн сүлжээгээр танилцсан болохоо мэдүүлж, шуурхай арга хэмжээ авахыг цагдаа нараас гуйсан байна.
Цагдаагийн газрын зүгээс Бэррон Трампаас гэрчийн мэдүүлэг өгөхийг хүссэнд тэрээр өнгөрсөн 5-р сард гэрчийн мэдүүлгээ имэйлээр өгсөн аж. Хохирогч эмэгтэйн хувьд байцаалтын үеэр Бэррон Трампын дуудлага түүний амийг аварсан хэмээн мэдэгджээ.






