
Та аливаа ажлыг байнга хойш тавьдаг уу? Яагаад гэдгийг нь бодож үзсэн үү? Хойшлуулалт нь ганц удаагийн үйлдэл биш, харин давтагдсаар зуршил болдог зан төлөв юм.
Хэрэв бид шалтгааныг нь ойлгож, зөв аргыг хэрэглэвэл энэ зуршлыг өөрчилж чадна.
“Гэр бүл анхаарлын төвд Монгол” байгууллагйн сэтгэл судлаач Г.Өнөрцэцэг зөвлөж байна.
Аливааг хойшлуулахад нөлөөлдөг гол шалтгаанууд
Тодорхой бус байдал
Хийх ажлын эхлэх болон дуусах хугацаа тодорхойгүй үед “дараа хийнэ дээ” гэж хойшлуулах нь элбэг. Ингэснээр эхлэх цаг улам бүр тодорхойгүй болж, ажил хойшилсоор байдаг.
Хэт их ачаалал, завгүй байдал
Хийх зүйл хэт олон үед “яг одоо амжихгүй” гэсэн бодол төрж, ажлаа дараа хийхээр үлдээдэг.
Мэдэхгүйгээс айх
“Эхлээд сайн сурч, ойлгочхоод дараа нь эхэлье” гэсэн хандлага нь бодит эхлэлийг байнга хойшлуулдаг.
Төгс хийх гэсэн хүсэл
“Алдаагүй, хамгийн сайнаар хийх ёстой” гэсэн төгс үзэл нь эхлэхээс айлгаж, хойшлуулалтад хүргэдэг.
Хойшлуулах зуршлыг даван туулах үр дүнтэй аргууд
1. Зорилгоо тодорхой болгож, төлөвлөгөө гарга
Юуг, хэзээ, яаж хийхээ маш тодорхой болгох нь хамгийн эхний алхам.
Жишээ:
2025 оны 10 сард TOPIK шалгалтад 4 дүгээр түвшинд тэнцэх зорилго тавьсан бол:
2 сар – бичих чадвар
3 сар – сонсох чадвар
4 сар – ярих чадвар
5–10 сар – бүх чадвараа бататгах
Ингэж задлан төлөвлөх нь стресс багасгаж, тогтвортой бэлтгэх боломж олгодог.
2. Том ажлыг жижиг хэсгүүдэд хуваа
Ажлыг бүхэлд нь харахаар хэт том, айдас төрүүлэм санагддаг. Харин жижиг алхмуудад хуваавал эхлэхэд амархан болдог.
3. Эерэг хандлага төлөвшүүл
“Би чадна”, “Болно”, “Бүтнэ” гэсэн эерэг бодол нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хойшлуулалтыг багасгадаг.
4. Таатай орчин бүрдүүл
Анхаарал сарнихгүй, тухтай орчинд ажиллах нь бүтээмжийг огцом нэмэгдүүлдэг.
5. Урамшууллын арга ашигла
Тухайн ажлыг хийснийхээ дараа өөрийгөө жижиг зүйлээр урамшуулах нь дараагийн ажлыг эхлэх эрч хүч өгдөг.
6. Өөрт тохирсон арга барилаа ол
Зарим хүн ганцаараа илүү сайн төвлөрдөг бол, заримд нь хамтран суралцах, баг болж хийх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрийн онцлогт тохирсон аргаа сонгоорой.
Хойшлуулалт бол заяагдсан зан биш, өөрчилж болох дадал юм.
Тиймээс өнөөдрийг хүртэл хойш тавьсаар ирсэн ажлуудаа яг одоо эхлүүлээрэй.
Жижиг алхмаас эхэл. Хамгийн чухал нь эхлэх юм шүү.
Танд амжилт хүсье!







