
Ардчилсан намын зүгээс эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдал, авлигажиж ужгирсан тогтолцооны асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг хамтдаа харъя. Тийм учраас миний бие өнөөдөр Ерөнхий сайдад хандана. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, мөн Шадар сайд Т.Доржханд нарыг ажлын хариуцлага тооцож, огцруулах буюу чөлөөлөх асуудлыг өнөөдөр албан бичгээр хүргүүлж байна.
Ер нь та бүхэн санаж байгаа бол сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ТЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг цахилгаан станцууд дээр ээлж дараалсан дэлбэрэлтүүд гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд гарсан. Харамсалтай нь, энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээдэггүй, хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй болчихсон байна. Засгийн газарт давхардуулсан чиг үүргүүд бий болсноор хяналт, хариуцлага сул болж, хэн хариуцаж байгааг мэдэх боломжгүй болжээ.
Мөн Эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан боловч өнөөдөр Шадар сайдын ажлын албанд “Эрчим хүч экспортыг дэмжих нэгж” байгуулагдсан нь бүтэн 11 сард болсон. Ингэснээр нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болсон. Үүний улмаас үүсэж байгаа нөхцөл байдалд хэн ч хариуцлага хүлээж чадахгүй, ирээдүйд аюулгүй байдлын эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж байна.
Тиймээс миний бие өнөөдөр албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарт эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг ажлын хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна. Албан бичигт үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой дурдсан бөгөөд эрчим хүчний аюулгүй байдал хэрхэн алдагдсан тухай мөн тусгасан.
Эрчим хүчний реформыг анх хэрэгжүүлэхдээ бид “Эрчим хүчний найдвартай, аюулгүй системийг бий болгоно” гэж амласан. Гэвч үр дүнд хүрээгүй, ямар нэгэн ажил амжилттай хэрэгжээгүй учраас миний бие өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгааг мэдээлж байна” гэв.






