
Японы Нара хотын дүүргийн шүүх Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн Ямагами Тэцүяад бүх насаар хорих ял оноожээ. 45 настай Ямагами Тэцүяа нь 2022 оны 7-р сарын 8-нд Нара хотод болж байсан арга хэмжээний үеэр гар хийцийн буугаар Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн юм.
Шүүгч Танака Шиничи уг хэргийг жигшмээр, асар хорлонтой хэрэг хэмээн тодорхойлж, Ш.Абэгийн гэргий Аки одоог хүртэл тэрхүү гэнэтийн уй гашуугаасаа гарч чадаагүй байгааг онцолжээ.
Шүүх хурлын дараа Шинзо Абэ агсны гэргий Аки хэрэгтэн шийтгэлээ хүлээх цаг болсон хэмээн, шүүх хуралд оролцсон шүүгчид, төлөөлөгчид, хамгаалалтын ажилтнуудад талархлаа илэрхийлжээ. Хэргийг үйлдсэн Ямагами Тэцүяа ээж нь Эв нэгдлийн сүмд их хэмжээний мөнгө хандивлаж, гэр бүлээ санхүүгийн хямралд оруулсан явдалд бухимдаж, Ерөнхий сайд агсан Ш.Абэг Японы улс төрийн ертөнцийг Эв нэгдлийн сүмтэй холбож байсан гол гүүр гэж үзэн ийнхүү уг хэргийг үйлдсэн аж.
Прокуроруудын хувьд шүүгчээс Я.Тэцүяад цаазын ял оноохыг хүссэн бол түүний өмгөөлөгчид үйлчлүүлэгч нь шашинтай холбоотой хүчирхийллийн хохирогч учир түүнд засан хүмүүжих боломж олгох ёстой хэмээн 20-иос ихгүй жилээр хорих ял оноох нь зүйтэй хэмээн мэдэгджээ.
Хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 10-р сарын 28-нд эхэлсэн ба Я.Тэцүяа бүх гэм буруугаа шүүхийн эхний өдөр хүлээсэн юм. Шүүгдэгчийн ээж өнгөрсөн 11-р сард гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эв нэгдлийн сүмд хандив өгөх нь хүүхдүүдийнх нь боловсролоос илүү чухал гэж бодож байснаараа өөрийгөө мөн уг хэргийн буруутан хэмээн мэдүүлсэн билээ.
Шүүх хурлуудын үеэр өгсөн мэдүүлэгтээ Я.Тэцүяа 2015 онд ах нь ээжийнхээ шашин шүтлэгээс болж амиа егүүтгэснээс хойш түүний толгойд өшөө авах сэдэл төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, Ш.Абэгийн Эв нэгдлийн сүмийн хүнд илгээсэн видео мессежийг хараад бүр ч ихээр уурлаж бухимдсан болохоо илэрхийлжээ. Тэрээр сүүлд өгсөн мэдүүлгийнхээ үеэр Ш.Абэгийг ар гэрийнхнээс уучлалт гуйжээ.






