
Хүүхэд багачууд Монгол Улсын ирээдүй хойч үе. Тэд эрүүл энх, аливаа сөрөг зүйлээс ангид, гэгээлэг, дэгэж дэрвэх насандаа ирмүүн хүсэл эрмэлзлэлээр дүүрэн өсөж торнивол ирээдүйд өнгө гэрэл нь гоё тодоор гэрэлтэнэ.
Иймээс өөрийн хүүхдээ сайн хүн, эерэг хүмүүжил, төлөвшилтэй болгохын тулд эцэг, эх, асран хамгаалагчид бидний үүрэг зайлшгүй гол суурь нөхцөл нь болж өгөх ёстой. “Хүүхэд бол эцэг, эхийн толь” хэмээн ярьдаг олны үг ортой л гэлцдэг.
Хүүхэд бүр тамирчин болох албагүй ч тэд спортоор дамжуулан зөв, эерэг хүмүүжил төлөвшлийг эндээс л олж авахын зэрэгцээ нийтэч, хамт олонч сэтгэлгээтэй болж, өөрийгөө ялан дийлэх зориг, тэвчээр, тэсвэр хатуужилд жинхэнэ суралцдаг. 18 жилийн энд хүрэхдээ он цагийн уртад, даваа гүвээ, нугачааг үл ажран туулсаар өдгөө жюү жицү хэмээн спортоор Монгол Улсын ирээдүй хой, залгамж болж яваа олон арван хүүхэд багачууд хичээллэж байна. Тэд хэдийнээ өргөжин тэлсээр, хүүхэд бүр л шахуу энэхүү спортод өдөр бүр татагдан дурласаар…

Ингээд жюү жицүгийн бүсний ангилалтай УАШТ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах үеэр спортын сурвалжлах баг тус тэмцээнийг зорин очлоо.
“Unique” жюү жицүгийн академийн тамирчин А.Баянмөнхтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


А.Баянмөнх: Дэвжээн дээр гараад өрсөлдөгчөө өчих мэхээр ялдаг
-Сайн байна уу? Юуны өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэнд нь баяр хүргэе?
-Баярлалаа. Намайг Азбилэгийн Баянмөнх гэдэг. Би 8 настай. Жюү жицүгээр хичээллээд 4 жил болж байна.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Би улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа. Өмнө нь алтан медаль хүртэж байсан. Гурван удаа оролцохдоо 20 кг, 23 кг, 28 кг-ийн жинд барилдсан.
-Анх энэ спортод хэн хөтөлж оруулав?
-Энэ спортод анх ороход ээж маань надад ийм спорт байна. Миний хүү хичээллэж, явж үзэх үү гэж санал болгоод, тэгээд би зөвшөөрөөд “Unique” жюү жицүгийн академид элсэн орсон. Намайг бэлтгэлд ээж маань эхлээд зөөж байгаад л, одоо би ганцаараа л яваад эхэлсэн.
-Тэмцээнд оролцоод, өрсөлдөөн үзүүлэх сэтгэгдэл ямар байна вэ?
-Тэмцээнд оролцох нь гоё байна даа. Энэ спортоор хичээллээд найз нөхөдтэй болоод л их сайхан байгаа. Миний хийдэг гол мэх “Өчих” мэх шүү дээ. Дэвжээн дээр гараад өрсөлдөгчөө ялаад тэгээд бүр дотроо барилдаандаа орчихдог.
Манай Ууганбаяр багшийн дархан мэх бол “Өмсөх” мэх. Би багшийнхаа дархан мэхэнд дуртай. Жюү жицүгийн спортоор хичээллэхэд заалаа хүндэлнэ, заалаа хүндлээд, тэгээд өөрөөсөө том бүстнүүддээ ёсолж сурах нь чухал.
-Анх бэлтгэлийн зааланд ороход яг ямар санагдсан бэ?
-Анх бэлтгэлийн зааланд явж ороод энэ одоо ямар газар вэ гээд л бодоод байсан. Мэдэхгүй, танихгүй баахан ийм хувцастай хүмүүсийг анх удаа харж байгаа болохоор гайхна шүү дээ. Хичээлээ бол орхиогүй, өглөөний бэлтгэлд явахгүй, өглөөдөө хичээлээ хийчихнэ, тэгээд оройдоо бэлтгэлдээ явдаг.
-А.Баянмөнхийн мөрөөдөл юу вэ?
-Эхэндээ бол дэлхийн аваргад орох мөрөөдөлтэй гэж л бодож байгаа. Энэ жилийн мөрөөдөл бол энэ. Тэгээд том том тэмцээнүүдэд ороод медаль авна гэж л бодож байгаа.
-А.Баянмөнх өрсөлдөгөө хэрхэн судалдаг вэ?
-Хамт том тэмцээнд хүүхдүүдтэй ороод эхлээд миний барилдах гэж байсан хүүхэд өөр хүүхэдтэй барилдана шүү дээ. Тэгээд тэр барилдааныг нь хараад ингэж барилдах юм байна даа гэж бодоод л барилддаг.
Ярилцсанд баярлалаа.
“Unique” жюү жицүгийн академийн тамирчин А.Баянмөнхийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








