
Японы Sony Group компани болон Хятадын цахилгаан барааны TCL Group компани стратегийн хамтын ажиллагааны хүрээнд Sony Group компанийн энтертайнмент технологи, үйлчилгээ болон бизнесийг хариуцсан охин компани болох Sony компани, Хятадын TCL компанитай Sony гэр ахуйн энтертайнмент төхөөрөмж үйлдвэрлэх хамтарсан компани байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгээ зуржээ.
Шинэ компанийн 51 хувийг Хятадын TCL Group, 49 хувийг Sony компани эзэмших ба тус компани нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс авхуулаад зурагт, гэрийн аудио систем зэргийн үйлдвэрлэл, борлуулалт зэргийг бүхэлд нь хариуцах аж. Уг компани нь 2027 оны 4-р сард үйл ажиллагаагаа эхлүүлж, Sony, Bravia зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн нэрийн доор бүтээгдэхүүнүүдээ гаргах аж.
Sony Group олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулахыг эрмэлзсэний үндсэн дээр зурагтын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг TCL компанитай хамтран ажиллахыг зорьж байгаа нь гарцаагүй юм.
Японы Sony Group олон улсын зурагтын зах зээлд цагтаа тэргүүлж байсан ч зурагтын дэлгэцийн хэмжээ нэмэгдэж, үнийн өрсөлдөөн ширүүсэхтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын болон Хятадын компаниуд тус зах зээлд хүч түрэн орж ирсэн билээ. Sony компанийн ашиг орлого өнгөрсөн онд 10 хувиар буурсан бол Sony Group компани видео тоглоом, кино урлаг, хөгжмийн салбаруудад ихээр хөрөнгө оруулах болжээ.






