
Сүүлийн хоёр хоногт Улаанбаатар хотын IV цахилгаан станцад гарсан гэмтлийн улмаас аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авч байна.
Энэхүү нөхцөл байдал айл өрхүүд, бизнес эрхлэгчид, тэр дундаа ахмад настнуудад хүндээр тусаж байна.
Тухайлбал,
- Дугаар хорооны өндөр настан Б астма өвчтэй бөгөөд байнга гэртээ хүчилтөрөгчийн аппарат ашиглах шаардлагатай. Гэтэл цахилгаан тасарсны улмаас амь насанд нь ноцтой аюул учирч, түргэн тусламж ирж амжаагүй бол харамсалтай хэрэг гарах шахжээ.
- Өөр нэг жишээ гэвэл манай сайтын эрхлэгч У.Болортуяа хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр очиход, цахилгаангүй гэсэн шалтгаанаар цэцэрлэг хүүхдийг нь хүлээж аваагүй байна.
- Мөн манай сэтгүүлч П.Баянбилэг бялдаржуулах төвд дасгал хийж байх үед нь цахилгаан тасарч, бэртэх эрсдэл үүссэн зэрэг олон бодит жишээ байна.
Иргэн та ч мөн адил цахилгаан тасарснаас болж тулгарч буй хүндрэл бэрхшээлээ хуваалцах боломжтой.
Цахилгаан хангамжийг урьдчилан тооцоололгүйгээр тасалдуулснаар:
-
Жижиг, дунд бизнесүүд орлогоо алдаж,
-
Үйлдвэр, үйлчилгээний үйл ажиллагаа зогсож,
-
Ахмад настан, бага насны хүүхдүүд хүйтэнд даарч байна,
- Зарим уулзваруудад гэрлэн дохио ажиллахгүйгээс болж замын хөдөлгөөн удаашрах, жолооч нар зохицуулалтгүй уулзвар нэвтэрч мөргөлдөж байна.
Үүний цаана жижиг, дунд бизнес эрхлэгчид, хүйтэн орчинд ажиллаж буй албан хаагчид эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бодитоор нүүрлэж байна.
Энэ бол зүгээр нэг “түр зуурын хүндрэл” биш. Харин бодлогын алдаа, төлөвлөлтийн дутагдлын тод илрэл юм.
Эрчим хүчний салбарын асуудал өнөөдөр үүсээгүй бөгөөд олон жилийн турш хуримтлагдсан хариуцлагагүй бодлого, бодит нөхцөлд нийцээгүй шийдвэрүүдийн үр дагаврыг өнөөдөр жирийн иргэд нуруундаа үүрч байна.
Эрчим хүчний салбарыг хариуцсан үе үеийн сайд, дарга нар төрийн өмчид эзэн сууж, төсвийн мөнгөнөөс халааслах л гэж зүтгэхээс салбарын тулгамдсан асуудлыг шийдэж, бүрэн хүчин чадлаараа олон жил ажиллаж байгаа станцууддаа шинэчлэл хийх, засварлах үйлдэл гаргасангүй. Харин иргэдээс авдаг төлбөрийг нэмэгдүүлнэ л гэж бүгд хэлдэг.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд монголчууд өртэй юм шиг салбар салбарын сайдын албыг үе үеийн Засгийн газарт зайдагнан суудаг. Одоо авсан салбар нь сүүлийн 2 өвөл гал алдаж, нөөц, бэлтгэлгүй станцууд нь гэмтэл, дэлбэрэлт тасрахгүй, түүнийгээ засварлаж ч чадахгүй байна.
Шадар сайд Х.Доржханд Швейцарийн Давос хотноо дэлхийн томчуудтай яриа хийж, кофе ууж явах ард нь станцад гэмтэл гарч, иргэд 24 цаг тоггүй, халаалтгүй, халуун цайгүй бээрч сууна.
ДЦС-4-т гарсан гэмтлийг засварлах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.
С.Сувдансондор






