
Нидерландын хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний Randstad фирмийн хийсэн судалгаагаар 5 ажилтан тутмын 4 нь хиймэл оюун ухаан өдөр тутам гүйцэтгэдэг ажилд нь ямар нэг байдлаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин компаниуд хиймэл оюун ухаан бүхий чатботууд ашиглах нь нэмэгдэж, үйл ажиллагаагаа автоматжуулж буй явдалд хамгийн ихээр санаа зовж буй үеийнхнээр Жен зи нар тодорчээ. Randstad фирмийн жил бүр гаргадаг “Workmonitor” тайланд бичсэнээр “хиймэл оюун ухааны агент” -ын ур чадварыг шаардсан ажлын байрны тоо 1587 хувиар өсөхтэй зэрэгцэн энгийн, өндөр ур чадвар төдийлөн шаардагддаггүй ажил гүйцэтгэдэг ажилтнуудыг хиймэл оюун ухаан, автоматжуулалтаар орлох хандлага нэмэгдсээр байгаа нь ажиглагджээ.
Randstad фирм энэхүү тайлангаа гаргахдаа 27 мянган ажилтан, 1225 ажил олгогчдоос судалгаа авч, 35 улсын 3 сая гаруй ажлын байрны зарыг судалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өдөөсөн худалдааны дайн болон гадаад харилцааны бодлого зэргээс болж хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж, үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл асар их дарамт шахалтад орж, компаниуд эхнээсээ ажилчдынхаа тоог цомхотгож эхлээд байгаа билээ.
Randstad фирмийн Гүйцэтгэх захирал Сандер ван ‘т Ноорденде, “Ажилчдын хувьд хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр урам зоригтой байгаа нь ажиглагдаж байна. Нөгөө талаас том жижиг ямар ч компани аль болох бага зардлаар, илүү ихийг бүтээх хүсэлтэй байдаг учир компаниуд ажиллах хүчээ хиймэл оюун ухаанаар орлуулж болзошгүй гэсэн тал дээр тэд бага зэрэг эргэлзсэн байдалтай байна.
Жен зи нар энэ тал дээр хамгийн их санаа зовж байгаа бол бүмерүүд AI-н нөлөө, дасан зохицох байдалд хамгийн бага санаа зовж буй үеийнхнээр тодорч, өөрсдөдөө маш итгэлтэй байгаагаа харуулаад байна.” хэмээн Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Randstad фирмийн зүгээс ярилцлага авсан ажилтнуудын тал орчим хувь нь шинэ техник технологи нь ажилтнуудаас илүү ажил олгогч нарт ашигтай байхвий гэдэгт санаа зовж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн ажилтан болон ажил олгогч нар бизнесийн гүйцэтгэл, бүтээмжийн тал дээр өөр өөр үзэл бодолтой байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.
Ажил олгогчдын 95 орчим хувь нь 2026 онд гүйцэтгэл сайжирч, бүтээмж өснө гэсэн хүлээлттэй байгаа бол ажилтнуудын 51 хувь нь л үүнтэй санал нийлж байгаагаа илэрхийлжээ.






