
Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.
Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс






