
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан Марттай уулзаж, хиймэл оюунд суурилсан боловсролын системд шилжих Монгол Улсын бодлогын талаар санал солилцов. Мөн БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзан, хоёр улсын өндөр түвшний айлчлал, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх асуудлаар ярилцжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд БНСУ-ын “Maekyung Media Group”-т ярилцлага өгч, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, Монгол–Солонгосын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны хамтын ажиллагаа, аялал жуулчлалын сэдэвт салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд оролцохоос гадна Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзах товтой байна.
“Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн болон 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Монгол Улсын хувьд уг чуулга уулзалт нь олон улсын хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэл өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.






