
2024 оны 12-р сард БНСУ-д цэргийн дэглэм тогтоох оролдлого хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг прокурорууд бослого удирдсан хэрэгт буруутай гэж үзэн түүнд цаазын ял оноохыг хүсжээ.
БНСУ-ын экс ерөнхийлөгч Юн Сүк Ёл цэргийн дэглэм тогтоосон нь сөрөг хүчний намын хууль бус, буруу үйлдлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого байсан хэмээн өөрийнхөө үйлдлийг зөвтгөжээ.
Юн Сүк Ёлд тулгаж буй хэргүүдээс бослого удирдсан хэрэг нь хамгийн чанга буюу цаазын ял эсвэл бүх насаар хорих ялын шийтгэлтэй юм.
Өмнөд Солонгост цаазын ял гүйцэтгээгүй 30 орчим жил болж байгаа ба хамгийн сүүлд цэргийн эргэлт хийж, төрийн эрх мэдлийг авах оролдлого хийсэн зэвсэгт хүчний дарангуйлагч Чун Ду Хванд 1996 онд цаазын ял оноож байсан ч цаазын ялыг нь гүйцэлдүүлэлгүй бүх насаар нь хорихоор болжээ.
Прокурорууд Юн Сүк Ёлын цэргийн дэглэм тогтоох оролдлогын үеэр хүний амь үрэгдээгүй ч Юн Сүк Ёл нь БНСУ-ыг урт хугацаанд удирдаж, дарангуйлал тогтоох хүсэлд автсан, түүний удирдсан бослогын хамгийн том хохирогчид нь энэ улсын ард иргэд гэдгийг онцолж, ял оноохдоо ялыг хөнгөвчлөх заалтуудыг тооцохын оронд чанга ял оноох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Прокуроруудын зүгээс гэрчээр дуудсан зэвсэгт хүчний командлагч нь Юн Сүк Ёл цэргийн дэглэм тогтоох явцад парламентын гишүүдийг баривчлах тушаал өгсөн тухай мэдүүлсэн бол хэргийг мөрдөн шалгах явцад олдсон тэмдэглэлд цэргийн дэглэм тогтоох явцад сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд, хууль тогтоогчид зэргээс бүрдэх олон зуун хүнийг “зайлуулах” тухай тэмдэглэн үлдээсэн байсныг прокурорууд онцолжээ.
Түүнчлэн прокурорууд экс ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хамсаатнууд болох Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюнд бүх насаар хорих ял, цагдаагийн газрын дарга асан Чо Жи Ход 20 жилийн хорих ял оноохыг хүсээд байгаа аж.
Шүүхийн шийдвэр ирэх 2-р сард гарах аж.
Эх сурвалж: BBC






