
Алдарт барби хүүхэлдэйг үйлдвэрлэгч Америкийн Mattel компани аутизмын хүрээний эмгэгтэй бүсгүйг дүрсэлсэн барбиг худалдаанд гаргажээ.
Аутизмын хүрээний эмгэгтэй барби нь биед хүрэлцэх талбай бага, сул хувцас өмссөн байх ба аутизмын хүрээний эмгэгтэй зарим хүмүүс хүн рүү эгцэлж харахаас зайлсхийдэг учир Mattel шинэ барбины харцыг хажуу тийш харсан байгаагаар үйлдвэрлэжээ.
Түүнээс гадна уг барбиг стрессээ тайлахад, мөн анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг ягаан өнгийн эргэдэг фиджет тоглоом, гадна орчны чанга дуу чимээг тусгаарлах чихэвч дагалдах аж.
Сүүлийн жилүүдэд Mattel төрөл бүрийн өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дүрсэлсэн барбинууд хулалдаанд гаргахыг эрмэлзэх болсон ба 2023 онд Дауны синдромтой барби, 2025 онд 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй барбиг худалдаанд гаргаж байсан билээ.






