
Монголчуудын уламжлалт наадгай, эв эе, ухаан тэвчээрийн бэлгэдэл болсон шагайн харвааны томоохон тэмцээн “Алдарын цом” анх удаагаа нэгдүгээр сарын 10-наас 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, улсын өнцөг булан бүрийн шилдэг харваачид ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Тодруулбал, тус тэмцээнд 130 багийн 1100 гаруй харваачид оролцсоноос тэргүүн байранд МУҮДМ С.Ямааранз ахлагчтай “АПУ ХК, Алдар спорт хороо”-ны баг цомын эздээр тодорчээ. Харин хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” баг, гуравдугаар байранд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Найман” баг, дөрөвдүгээр байранд Орхон аймгийн харваачид болох Б.Бямбабаатар ахлагчтай “Рок гранд” ХХК-ийн баг тус тус шалгарчээ.
Энэхүү тэмцээн Монголын шагайн харвааны хөгжлийг дэмжиж, залуу үеийг уламжлалт спортод татах, харваачдын ур чадварын баталгаажуулах чухал тэмцээн боллоо. “Алдарын цом” нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, шагайн харваачдын наадмын сорилгын тэмцээн болох аж.






