
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болгон, тусгай дугаар ашиглах гэрээ байгуулан бүртгэлийн гэрчилгээг олгосон.
Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан чиг үүргийн хүрээнд 1-110 дугаарыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 1-110 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 1-110 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.
1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно.
Эх сурвалж: АТГ






