
Өрөг.мн сайт хөршийнхөө эмэгтэйг бага насных нь хүүхэдтэй нь хамт онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг олон эх сурвалжаар баталгаажуулж шуурхай мэдээлсэн.
Тэгвэл Сэтгэц мэдрэлийн үндэсний төвөөс өмнө нь хүн амины хэрэгт холбогдож F20 буюу шизофрени гэдэг оноштойгоор шорон руу биш албадан эмчилгээнд явсан иргэн Б гэгчийг яагаад эмнэлгээс нь гарах болсон бэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн З.Хишигсүрэнгээс тодрууллаа.

Шизофрени өвчтэй хүн өвчнийхөө ид хурц үед ямар ч үйлдэл хийх боломжтой байдаг. Тухайн хүн яг ийм үйлдэл хийнэ гэж урьдчилан тодорхойлох боломжгүй. Учир нь хий үзэгдэл, дэмийрэл зэрэг шинж тэмдгүүд маш олон хэлбэртэй илэрдэг бөгөөд тухайн үед ямар шинж давамгайлж байгаагаас шалтгаалан үйлдэл нь харилцан адилгүй байдаг.
Ийм өвчтэй хүмүүс өвчнийхөө засралын үед өөрсдөө эмнэлэгт ирж үзүүлэн, эмчилгээ хийлгэх боломжтой. Сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон иргэдэд эмийг үнэгүй олгодог. Тэд эмнэлгээс эмээ авч, тогтмол уух ёстой байдаг.
Гэвч тухайн хүн эмнэлгийн тусламж авч байгаа ч гэсэн ар гэрийнхэн нь байнгын хяналт тавих шаардлагатай.
Харин ар гэргүй тохиолдолд тухайн хүнийг асран хамгаалах үүрэгтэй хүн, эсвэл хариуцах байгууллага байх ёстой гэсэн үг.
Өөрийгөө асрах, хянах боломжгүй, ганц бие, ар гэргүй сэтгэцийн өвчтэй хүмүүсийг асрамжийн газарт байрлуулах шаардлагатай гэж үздэг.
Гэвч манай улсын өнөөгийн нөхцөлд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан тусгай асрамжийн газар байдаггүй. Урьд өмнөх мэдээллүүдээс харахад манай эмнэлэг 550 ортой боловч түүнийхээ тал орчимд асран хамгаалагчгүй хүмүүсийг асрамжийн үйлчилгээ хэлбэрээр хүлээн авч байна. Үүний улмаас бусад хяналтад байх, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс бүрэн хэмжээний тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг.
Одоогоор тухайн үйлчлүүлэгч яг тухайн үйлдлийг хийсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй бөгөөд уг асуудлаар холбогдох шалгалт үргэлжилж байгаа юм байна. Тиймээс энэ хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлага байхгүй. Мөн тухайн үед тийм үйлдэл хийсэн эсэх нь хувь хүний эрүүл мэндийн нууцлалтай холбоотой тул тодорхой хязгаарлалттай байдаг. Миний хувьд энэ үйлчлүүлэгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.






