
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Куб улс Венесуэлийн газрын тос болон мөнгөөр санхүүждэг байсан цаг үе өнгөрсөн хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Венесуэлийг сүүлд удирдаж байсан хоёр дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор Хавана тус улсаас санхүүждэг байсан аж.
Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа энэ сарын 3-нд Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Н.Мадурог баривчилсан билээ. Уг ажиллагааны дараа Ерөнхийлөгч Д.Трамп АНУ Венесуэлийг тодорхой хугацаанд удирдах болно гэдгийг онцолсон юм. АНУ-ын Венесуэлд явуулсан цэргийн ажиллагааны үеэр Кубын зэвсэгт хүчний болон тагнуулын албаны 32 албан хаагч амиа алдсан билээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр Венесуэлийг Америкийн арми хамгаалах тул улсыг хамгаалах нэрээр олон жилийн турш олзондоо байлгасан дээрэмчид болон луйварчдын хамгаалалт Каракаст одоо хэрэггүй болсон гэжээ.
Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ, “Куб руу Венесуэлийн газрын тос, мөнгө урсахаа болино. Тийм учраас оройтоогүй байгаа дээрээ хэлэлцээр байгуулахыг зөвлөе ” хэмээн бичжээ.
Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез Куб улс нь ямарваа нэг улс оронд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө эсвэл эсвэл нөхөн төлбөр авдаггүй, авч ч байгаагүй, АНУ-тай харьцуулахад Кубын засгийн газар цэрэг хөлслөх, бусдыг айлган сүрдүүлэх, бусад улс орнууд руу халдах зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй хэмээн мэдэгджээ. Тэрээр Кубын талд шударга ёс байгааг онцолж, АНУ зөвхөн Куб улсаар ч зогсохгүй бүх дэлхийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлж байгааг онцолжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Куб улсыг хэдийн уналтад орж, Венесуэлээс газрын тосгүйгээр ямар ч орлогогүй болсон учир тус улсад цэргийн ажиллагаа явуулах шаардлага гарахгүй хэмээн мэдэгдсэн юм.






