
Улаанбаатар- Увс аймаг чиглэлийн улсын чанартай авто зам буюу Сонгино сумын Ялаатын Дөрөлж хэмээх газарт цасанд боогдсон хүмүүсийг аюулгүй газарт хүргэжээ.
Завханы ихэнх нутгаар 1-р сарын 9-өөс эхлэн үргэлжилсэн цас орж, цасан шуурга шуурсан байна. Ялангуяа 10-11-ний шилжих шөнө нутгийн хойд, Хангайн уулархаг нутгаар цас орж шуурсан.
Үүний улмаас Улаанбаатараас-Тосонцэнгэл, Тосонцэнгэлээс-Увс аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын зорчих хэсэг зарим газар цасанд боогдсон байдалтай байна.
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид Шар нуруу багийн Ялаатын дөрөлж гэдэг газар авто зам хаагдаж явах боломжгүй болсон 16 тээврийн хэрэгслийг дуудлын дагуу татан гаргаж, 80 хүний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Мөн “Завхан АЗЗА” ТӨХК-өөс авто замын зорчих хэсгийг цэвэрлэх, автомашины хөдөлгөөнийг саадгүй явуулахаар ажиллаж байна хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Энэ сарын 11-нд, 11-12-ны шөнө нутгийн хойд, Хангайн уулархаг нутгаар,13-нд нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -13…-18 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
Зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас дахин онцгойлон анхааруулж байна.






