Өрөг.мн сайтын сурвалжлах баг 2025.06.01-ний өдөр буюу “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” “Эрхлэх эрхгүй хүүхдүүд” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсан билээ.
Бидний очсон газар “Гялалзах зүрх” ТББ буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн очдог халамжийн төв байсан юм. Хүүхэд ч гэлтгүй заримдаа ээж нь, аав нь хүүхдүүдээ хөтлөөд ирэх тохиолдол бий.
Тухайн үед хашаан дотроо хүүхдүүд нь бөмбөгөөр тоглож, тэдний ордог нэг гэр, дэргэд нь тус халамжийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Хажидмаагийн амьдардаг гэр, хашаанд нь уяатай нэг нохой байв.

Бидний хийсэн сурвалжилгын хамгийн өр өвдөм хэсэг нь:
- “Намайг сексдэх үү” гэсэн гэх таван настай охин, “Аав, ээжийг зоддог заримдаа миний хоолойг боогоод би ухаан алдаж унаад сэрдэг” гэх дөрөвхөн настай охин, “бусад элэг бүтэн гэр бүлийг хараад атаархдаг” гэх дунд ангийн охин, төрсөн өдрийн лаа ч үлээж үзээгүй олон хүүхдүүд, төрсөн аав, ахдаа оролдуулж байсан охид, хойд ээж, аав, хажуу айлынхаа хүнд хүртэл зодуулж байсан хөвгүүдийн өр өвтгөм яриа байв.
Тэд тийм орчноос гарч “Халамжийн төв” рүү гээ яаран очдог. Гэхдээ ямар ч гэрэлтүүлэггүй зам, захын хорооллын согтуу хүмүүс, сул тавьсан ноход дундуур…
Үүнээс хойш яг зургаан сарын дараа буюу 2025.12.27-ны өдөр тэнд дахин очив. Өөрсдийн гэсэн байртай болжээ.
Ирэх хүүхдүүдийнх нь тоо ч ихэссэн байна.


Өмнө нь хийсэн сурвалжилгын үр дүнд олон хүн хандив өргөж, хүүхдүүдийнхээ дунд зохион байгуулах үйл ажиллагаа нь ихсэж, ярилцах, хамтдаа тайван байх боломж нь нэмэгдсэн. Бидэнд тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж “Гялалзах зүрх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хажидмаа уламжлав.








