
Австрийн Вена хотод байрлах Хэрэглээний урлагийн музейгээс хоёр этгээд 600 гаруй алмаазан шигтгээтэй, 200 гаруй каратын жинтэй, 4 сая гаруй ам.долларын үнэ бүхий цагаан алтан хүзүүний зүүлтийг хулгайлжээ.
Үнэт эдлэлийн Van Cleef & Arpels брэндийн Вена хотын Хэрэглээний урлагийн музейд зохион байгуулсан үзэсгэлэнд тавигдсан уг хүзүүний зүүлтийг Египетийн хааны гэр бүлд зориулж урласан ба Египетийн хатан Назли Сабри 1939 онд охин Фавзия Фуадынхаа Ираны шах Мухаммед Реза Пахлавитай хийсэн хуримын ёслолын үеэр зүүж байжээ.

Цагдаа нарын мэдээлснээр үзэсгэлэнд тасалбараар нэвтэрсэн хоёр этгээд үзмэрийн шилэн хоргыг хагалж, хүзүүний зүүлтийг хулгайлж, хэргийн газраас зугтжээ. Түүнээс гадна дээрх хоёр этгээдийн нэг нь биедээ галт зэвсэгтэй байсан байж болзошгүй аж.
Сүүлийн нэг жилд Европын томоохон музейнүүд хулгайн гэмт хэрэгт өртөх нь олшроод байгаа юм. Европын холбооны Цагдаагийн алба ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд илүү хэрцгий түрэмгий болж, хүч хэрэглэх хандлагатай болсныг онцолжээ.









