
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр Доналд Трамп томилогдов
2024 оны 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп энэ оны 1-р сарын 20-нд албан ёсоор АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр томилогдов.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн даруйдаа хууль бус цагаачлалтай тэмцэх, АНУ-ыг ДЭМБ, Парисын гэрээнээс гаргах, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зогсоох тухай захирамжид гарын үсгээ зурсан билээ.

Гадаад бодлогын хүрээнд Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-тай худалдаа хийдэг орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь дотоодын төдийгүй олон улсын зах зээлд хүнд цохилт болсон юм.
Энэ оны 2-р сараас 4-р сарын 5-ны хооронд Вашингтон АНУ-д бараа бүтээгдэхүүн экспортолдог бараг бүх орны бараа бүтээгдэхүүнээс гаалийн импортын 10 хувийн татвар авч эхлэв. 3-р сараас АНУ-ын гаалийн татварын орлого хурдацтай өсөж, энэ оны 8-р сар гэхэд 31.4 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 8.9 тэрбум ам.доллар байжээ.
4-р сарын 9-нд Д.Трампын засаг захиргаа гаалийн импортын татварын нэмэгдлийг 90 өдрөөр хойшлуулахаар болсноо зарласан ба үүнд Хятадын импортын бараа бүтээгдэхүүн хамаарахгүй гэдгийг онцолжээ.
Вашингтон, Бээжин хоёр харилцан гаалийн импортын татвараа нэмэгдүүлснээр, эцэст нь АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнүүдээс 145 хувийн гаалийн импортын татвар, Бээжин АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдээс 125 хувийн татвар авахаар болсон юм. Хоёр улсын харилцаа хурдсантай холбоотойгоор талууд Женевт уулзаж, яриа хэлэлцээ хийсний үр дүнд гаалийн импортын татвараа 90 өдрийн турш харилцан 115 хувиар буулгах зөвшилцөлд хүрсэн билээ.
6-р сард Вашингтон импортын хөнгөн цагаан, ган, ахуйн цахилгаан хэрэгслээс 50 хувийн татвар авч эхлэв. Түүнчлэн Вашингтон зэсийн гаалийн импортын татварыг 8-р сарын 1-нээс 50 хувь болгожээ.
Энэтхэг улс ОХУ-аас газрын тос импортолсоор байгааг Ерөнхийлөгч Д.Трамп буруушааж, тус улсын экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татвар 8-р сарын 27-ноос 50 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна Хятадын цахим дэлгүүрүүдийн эсрэг чиглэсэн бодлогын дагуу 800 ам.доллароос бага үнийн дүнтэй илгээмжийг татвараас чөлөөлдөг явдлыг зогсоосон юм.
10-р сарын 14-нөөс Вашингтон модны гаалийн импортын татварыг 10 хувь, модон тавилгын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлжээ.
Д.Трампын гаалийн импортын татварын нэмэгдэлтэй холбоотойгоор улс орнууд Вашингтонтой худалдааны гэрээ хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлж, эхнээсээ тодорхой үр дүнд хүрч эхэлсэн юм.


Жишээ нь Филиппин улс бараа бүтээгдэхүүнээ АНУ-д 19 хувийн татвар төлж экспортлох болсныхоо хариуд Америкийн бараа бүтээгдэхүүнийг ямар ч хязгааргүйгээр, гаалийн импортын татваргүй импортлох болсон бол Вашингтонтой хийсэн худалдааны хэлэлцээний үр дүнд Япон улс АНУ-д 550 тэрбум ам.доллар, БНСУ 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, АНУ-аас 100 тэрбум ам.долларын худалдан авалт хийхээр тохирсон юм. Европын холбооны бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг 15 хувь болгож бууруулсныхаа төлөө Вашингтон Европын холбооноос 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, Европын холбоо АНУ-аас 750 тэрбум ам.долларын худалдан авалт хийхээр болсон юм.
АНУ-ын төрийн тэргүүнээр томилогдсоноос хойш Доналд Трамп олон нийтийг гайхшруулсан, цочирдуулсан, маргаан дагуулсан олон тооны шийдвэр гаргаад байгаа билээ.
Пап лам Францис 88 насандаа таалал төгсөв
2025 оны 2-р сарын 14-нд Ромын Пап лам Францис гуурсан хоолойн үрэвслийн улмаас Ром хотын Жемели эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд түүний биеийн байдал хүндэрч, амьсгалын замын хавсарсан халдвар болон хоёр уушгины хатгалгаагаар өвдсөн ба эмч нар түүнийг хоёр ч удаа амьсгалын хурц дутагдалд орсон тухай ярьж байв. Сар гаруй эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эцэст 3-р сарын 24-нд Пап лам Францис эмнэлгээс гарч, сүсэгтэн олонтой эмнэлгийн тагтнаас мэндчилсэн юм. 4-р сарын 21-нд Ромын Католик сүмийн тэргүүн, Дээд Их Хамба лам Францис 88 насандаа таалал төгссөн билээ.


Ватикан албан ёсоор Пап лам Францис тархины цус харвалт болон зүрхний дутагдлын улмаас өөд болсныг мэдэгдсэн юм.
Ромын Католик сүмийн тэргүүнээр 2013 онд томилогдсон тэрээр олон зүйл дээр анхдагч нь байсан юм. Пап лам Францис нь Америк тивээс гаралтай анхны Дээд Их Хамба лам, Ромын Католик сүмийн иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны понтифик, Францис нэрийг авсан анхны Пап лам юм. Түүнээс гадна тэрээр лам нарт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг адислахыг зөвшөөрч, эмэгтэйчүүдэд хамба лам нарын зөвлөл дээр санал өгөхийг зөвшөөрсөн Ромын католик сүмийн анхны тэргүүн юм.
Пап лам Францисын шарилыг 4-р сарын 23-ны өглөөний 9 цагт Санта Марта өргөөнөөс зөөвөрлөн, Гэгээн Петрийн сүмд олон нийтийн хүндэтгэлд зориулан байршуулснаас хойш 4-р сарын 25-ны 19 цаг хүртэл 250 мянган хүн Пап лам Францистай салах ёс гүйцэтгэжээ.
4-р сарын 26-нд Пап лам Францисын оршуулах ёслол болж өндөрлөсөн юм. Пап лам Францисын үлдээсэн гэрээслэлийн дагуу түүний модон авсанд байршуулсан шарилыг Ромын Санта Мариа Маггиоре буюу Мариа Эхийн сүмд оршуулсан юм.


Гэгээн Петрийн талбайд болсон оршуулах ёслолд Их Британийн Ерөнхий сайд Кир, Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Уэльсийн ханхүү Уильям, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден зэрэг дэлхийн 150 гаруй орны улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон юм. Пап лам Францистай цагаачлалын асуудал дээр удаа дараа зөрчилдөж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гэргийн хамт мөн оршуулах ёслолд оролцож, ёслол эхлэхээс өмнө Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзалт хийж амжсан билээ.


Ромын католик сүмийн тэргүүнээр анх удаа АНУ-аас гаралтай хүн сонгогдов
Католик сүмийн кардиналууд 5-р сарын 8-нд АНУ-ын Чикаго хотоос гаралтай кардинал Роберт Превостыг Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгов. Роберт Превост нь католик сүмийн түүхэн дэх 267 дахь, Америк тивээс сонгогдсон хоёр дахь, АНУ-аас сонгогдсон анхны Пап лам болж байгаа ба тэрээр XIV Лео нэрийг авчээ.
Конклавын хоёр дахь өдрийн санал хураалтаар дэлхийн 70 орны 133 кардиналуудын олонхын саналыг авсан шинэ Пап лам Лео Систины сүмийн орой дахь яндангаас цагаан утаа гарсны дараа Гэгээн Петрийн цогчин дуганы тагтан дээр гарч, сүсэгтэн олонтой мэндчилсэн байна.
69 настай шинэ Пап лам Лео карьерынхаа ихэнх хугацааг Перуд шашны номлогчоор ажиллаж өнгөрүүлсэн ба АНУ-ын иргэншлээс гадна Перу улсын иргэншилтэй аж. Тэрээр 2023 онд кардинал болжээ.


Пап лам XIV Леогийн хувьд 2015-2023 онд Перуд ажиллаж байсан ба 2023 онд Пап лам Францис түүнийг Ромд авчран, католик сүмийн хамба лам нарыг томилох хүндтэй албан тушаалд томилж байжээ.
Улс орнуудыг донсолгосон Gen Z хөдөлгөөнүүд
2025 он залуусын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнөөр баялаг байв.
Непал, Индонез, Перу, Мадагаскар зэрэг дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагасын голчлон орнуудад залуусын буюу Gen Z-чүүдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөв. Залуус төрд бугшсан авлига, хээл хахууль, ус болон эрчим хүчний хомстол, ажилгүйдэл, баян хоосны ялгаа зэрэг олон янзын шалтгаанаар жагсаж байв.


Цахим хөгжлийн эрин үед төрсөн Gen Z үеийн залуусын эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэл мэдээж нийгмийн сүлжээнд тавигдсан байв. Залуус Discord, Reddit платформуудыг жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад, TikTok, Instagram-г асуудлыг хөндөж, жагсаал хөдөлгөөнийг цацахад, X-г үйл явдлыг газар дээрээс нь цаг минуттай нь мэдээлэхэд ашиглаж байв.
8-р сард Индонезид хууль тогтоогчдын тансаг хэрэглээ, боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсвийг танасан явдал мөн Ерөнхийлөгч Прабово Субиантогийн засаг захиргаа хэтэрхий их эрх мэдэлтэй болж буйг эсэргүүцсэн олон мянган залуус гудамжнаа гарч жагссан юм. Жагсагчид төрийн болон цагдаагийн хэд хэдэн байрыг галдан шатааж, хууль тогтоогчдын гэрт дайран орж, тонон дээрэмдсэн билээ. Хоёр долоо хоног гаруй үргэлжилсэн залуусын эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 10 хүн амь үрэгдэж, цагдаа нар багадаа 4194 иргэнийг баривчилж, 959-д хэрэг үүсгэжээ.
Индонезийн залуус Японы “One Piece” манганы далайн дээрэмчдийн далбааг эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийхөө бэлгэ тэмдэг болгосноор бусад улсад болсон эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний гол бэлгэ тэмдэг нь энэхүү далбаа болов.


9-р сарын эхээр Непалын эрх баригчид иргэдийн хамгийн ихээр хэрэглэдэг 26 нийгмийг сүлжээг хаана гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор Непалын залуус нийгмийн сүлжээнд эрх баригчдын болон тэдгээрийн үр хүүхдүүдийн тансаг хэрэглээг илчилсэн #NepoKid гэсэн хэштагтай постууд нийтэлж эхэлсэн юм. Непалын хүн амын дундаж нас 25 бөгөөд хүн амынх нь дийлэнх хувийг нийгмийн сүлжээ хамгийн ихээр ашигладаг Gen Z нар эзэлдэг. 9-р сарын 8-нд нийслэл Катманду болон бусад хотуудад залуус эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнүүлсэн ба удалгүй жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн юм.
Жагсагчид парламентын ордон руу дайрч орохыг завдсанд цагдаа нар гал нээж, нулимс асгаруулагч хий, резинэн сум, даралттай ус шүршигч ашиглажээ. Эсэргүүцлийн уг жагсаал хөдөлгөөний үр дүнд багадаа 19 хүн амь үрэгдэж, 347 гаруй хүн шархдаж, засгийн газар нийгмийг сүлжээнүүдийг хаах шийдвэрээ цуцалж, Ерөнхий сайд Кхадга Прасад Шарма Оли албан тушаалаасаа буусан юм.
9-р сарын 10-нд Discord нийгмийн сүлжээнд Непалын олон арван мянган залуус Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх хүнийг цахим санал хураалтаар Сушила Каркиг сонгосон билээ.
Филиппин даяар Ерөнхийлөгч Фердинанд Маркосын засгийн газар үер усны гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулах ёстой олон тэрбум песог шамшигдуулсныг эсэргүүцсэн залуусын жагсаал хөдөлгөөн өрнөв.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Мадагаскар улсад 9-р сарын сүүлээр цэвэр ус, эрчим хүчний хомстлын улмаас иргэд нь гудамжнаа гарч жагссан юм. Хүн амынх нь 70 гаруй хувийг 24-өөс доош насны залуус эзэлдэг тус улсын иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг эрх баригчид хүч хэрэглэн тараахыг оролдсоны улмаас багадаа 22 хүн амь үрэгджээ. Залуусын жагсаал хөдөлгөөний үр дүнд 10-р сарын 13-нд тус улсын Ерөнхийлөгч Андри Ражуэлина эх орноосоо зугтаж, зэвсэгт хүчнийхэн төрийн эрх мэдлийг авав.
2016 оноос хойш улс төрийн тогтворгүй байдалд байгаа Перуд эрх баригчдын санаачилсан тэтгэврийн шинэчлэл, авлига хээл хахууль, зохион байгуулалттай гэмт бүлэглүүдийн хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байгааг эсэргүүцэж, олон зуун мянган иргэд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэв. 9-р сарын эхээр эхэлсэн уг жагсаал хөдөлгөөний үр дүнд Перугийн Ерөнхийлөгч Дина Болуартег албан тушаалаас нь огцруулж, Хосе Хериг Ерөнхийлөгчөөр томилов.
Европын орнуудаас Болгарт 11-р сарын сүүлээс эхлэн авлига, хээл хахууль, томоохон бизнесүүд засгийн газрын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлдөг явдал, 2026 оны төсвийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хөдөлгөөн өрнөсөөр байна. Олон улсын ажиглагчид эсэргүүцлийн тус жагсаал хөдөлгөөнийг мөн л Gen Z нарынх хэмээн тодорхойлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар залуусын жагсаалын үр дүнд Болгарын парламент 2026 төсвийн төслөө өөрчилж, Росен Желязковын засгийн газар огцроод байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын баривчилж, яллагдагчаар татав
1-р сарын 15-нд БНСУ-ын Өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг мөрдөх газрын мөрдөгчид Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг 2024 оны 12-р сард онц байдал зарлаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр баривчлав. Ингэснээр Юн Сүк Ёл Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа баригдаж хоригдсон Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болов. 3-р сарын 8-нд Юн Сүк Ёлыг сулласан ч 7-р сарын 10-нд дахин баривчлан хорьсон юм.


4-р сарын 4-нд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх 2024 оны 12-р сард БНСУ-ын парламентын Юн Сүк Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах шийдвэрийг үндсэн хуульд нийцсэн гэж үзэн, Юн Сүк Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулав.


Юн Сүк Ёлыг онц байдал зарлаж, улс төрийн болон парламентын ажиллагаанд хориг тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавихыг оролдож, БНСУ-ын зэвсэгт хүчний ашиг сонирхлыг зөрчиж, дайсны ашиг сонирхолд нийцсэн үйлдэл гаргасан хэмээн олон тооны хэрэгт буруутгаж байгаа билээ.
Түүнээс гадна түүний гэргий Ким Кён Хиг хувьцааны үнэ албаар өсгөсөн, авлига авсан хэргээр энэ оны 8-р сард баривчилсан юм.


Хиймэл оюун ухаан “Оны хүн”-ээр шалгарав
Сүүлийн жилүүдэд олон улсад хамгийн их яригдаж буй сэдвүүдийн нэг нь гарцаагүй хиймэл оюун ухаан юм (AI). AI бүүм дэлхий ертөнцийг бүх талаас нь өөрчилсөөр байгааг бид өдөр тутамдаа мэдрэх болсон билээ. Хиймэл оюун ухааныг бүтээхэд шаардлагатай өндөр хүчин чадал бүхий чип үйлдвэрлэгч Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуангийн хэлсэнчлэн “AI нь бүх салбарт хэрэгтэй, AI-г бүх компани ашигладаг, улс үндэстэн болгон AI бүтээх шаардлагатай” эрин үе хаяанд иржээ.
10-р сарын сүүлээр Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн үнэтэй компани, хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч болсон билээ.
2022 оноос generative AI-н төрөлд болох AI чатботууд гарч эхэлсэн ба Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс тэргүүтэй технологийн салбарын томчууд текст, зураг, видео, аудио, код, медиа контент зэргийг боловсруулдаг хиймэл оюун ухааны нэг төрөл болох generative AI-г компьютер, интернет, гар утас зэрэгтэй адил технологийн салбарт хувьсгал дагуулсан бүтээл гэдгийг онцолж байв.


Generative AI-н хамгийн том төлөөлөл нь ChatGPT болоод байгаа билээ. OpenAI компанийн ChatGPT чатботыг дэлхийн нийт хүн амын 10 хувь нь хэрэглэж, 7 хоногийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 800 саяд хүрээд байна.
ChatGPT нь цахим орчинд хамгийн их хандалттай 40 платформуудын нэг, generative хиймэл оюун ухаанууд дундаас хэрэглэгчдийнхээ тоогоор тэргүүлээд байгаа билээ.
Энэ оны 1-р сард Хятадын старт-ап, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч DeepSeek компанийн танилцуулсан хйимэл оюун ухаан дээр суурилсан чатбот нь АНУ, Их Британи, Австрали, Канад, Хятад, Сингапур дахь Apple компанийн App Store-д борлуулалтаараа тэргүүлснээр Nvidia компани нэг өдрийн дотор 588.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн билээ.
DeepSeek-н амжилт Бээжингийн хувьд оросууд сансарт анхны хиймэл дагуулыг нисгэсэнтэй адил маш том үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин технологийн компаниудаас DeepSeek-н амжилтыг давтахыг шаардаж эхэлсэн юм. Сарын дараа Хятадын Alibaba компани ирэх 3 жилд AI салбарт 53 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан бол StepFun, Zhipu AI, Moonshot AI, MiniMax, 01.AI, and Baichuan зэрэг хиймэл оюун ухаан хөгжүүлэгч 6 компани их хэмжээний хөрөнгө оруулалт босгож, Хятадын “хиймэл оюун ухааны барууд” гэсэн нэр авчээ.


Америкийн TIME сэтгүүл хиймэл оюун ухаан салбар бүрт хүч түрэн орж ирснийг илтгэн 2025 оны “Оны хүн”-ээр Open AI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман, Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Meta компанийн CEO Марк Зукерберг, xAI компанийг үүсгэн байгуулагч Илон Маск зэрэг хиймэл оюун ухааны салбарт хувьсгал хийсэн 8 эрхмийг нэрлэжээ.


TIME сэтгүүлд бичсэнээр Ерөнхийлөгч Жо Байдены хиймэл оюун ухааны салбарт баримталж байсан бодлогууд нь болгоомжилсон хандлагатай байсан бол Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа өмнөх засгийн газрын бодлогоос татгалзаж, хиймэл оюун ухааны салбарыг бүхий л талаас дэмжих бодлого баримталж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын уулзалтууд
Энэ оны онцлох үйл явдлуудын тоонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин нарын төрийн айлчлал, дээд хэмжээний уулзалтууд багтах нь гарцаагүй юм.
Энэ оны 5-р сард Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин ОХУ-д 3 өдрийн айлчлал хийсэн билээ. Тэрээр Улаан талбайд 5-р сарын 9-нд болсон Зөвлөлтийн арми Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын парадад оролцож, талууд хамтын ажиллагааны 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зурсан юм.


8-р сарын 15-нд АНУ-ын Аляска мужийн Анкориж хот дахь Эльмендорф-Ричардсоны зэвсэгт хүчний нэгдсэн баазад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан нь олон улсыг анхаарлыг татсан үйл явдал байв. Талууд ОХУ-Украины дайныг дуусгах асуудлаар уулзсан ч ямар нэг тодорхой шийдэлд хүрч чадалгүй салсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Их Британид хийсэн айлчлалыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Ерөнхийлөгч Д.Трампыг тэргүүн хатагтай Меланиягийн хамт Их Британийн Нэгдсэн Вант Улсын хаан III Чарльз эх орондоо ёслол төгөлдөр хүлээн авч, Уиндзорын ордондоо урьж, хүндэтгэлийн тансаг хүлээн авалт хийсэн билээ. Зөвхөн хүлээн авалтын 47.3 м урттай ширээг засахад Уиндзорын ордныхон 7 хоногийг зарцуулсан ба ширээг 139 лаа болон амьд цэцгүүдээр чимэглэж, хоолны 1452 хэрэгслийг байршуулжээ.


8-р сарын 31-нээс 9-р сарын 3-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм. Тэрээр Хятадын Тяньжин хотод болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтад оролцсоноос гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпины урилгаар Япон улс дайнд бууж өгч, Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баярт зориулсан Ялалтын парадыг үзэж сонирхсон билээ. Ялалтын парадыг үзэхээр ирсэн гадаадын зочид төлөөлөгчдийн хамт Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай юм ярилцан алхангаа Тяньаньмэний талбайд хүрэлцэн ирсэн дүр зураг олны анхаарлыг татсан билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Д.Трамп болон Си Жиньпинтэй хийсэн уулзалтуудыг олон улсын ажиглагчид Ерөнхийлөгч В.Путин дэлхийн тавцанд байр сууриа бататгасан явдал байсныг онцолсоор байгаа билээ.


Түүнчлэн 10-р сарын 30-нд дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн тэргүүнүүд болох АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин нар БНСУ-ын Бусан хотын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэр дээрх агаарын нисэх хүчний бааз дээр уулзсан юм. Д.Трампын импортын гаалийн татварын нэмэгдлээс болж худалдааны дайн өрнүүлээд байсан хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, худалдаа, ОХУ-Украины дайн зэрэг асуудлуудыг хөнджээ.
Япон улс анх удаагаа эмэгтэй Ерөнхий сайдтай болов
2024 оны 10-р сард Японы Ерөнхий сайдаар томилогдсон Ерөнхий сайд Шигэрү Ишиба 9-р сарын эхээр албан тушаалаасаа огцорч буйгаа зарласантай холбоотойгоор Японы Либерал Ардчилсан нам 10-р сарын 4-нд намын даргаараа 64 настай Санаи Такаичиг сонгож, 10-р сарын 22-нд Япон улсын парламент Санаи Такаичиг Ерөнхий сайдаар томилсноор дэлхийн 4 дэх том эдийн засаг түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болов.
Санаи Такаичи Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг шүтэн биширдэг гэдгээ удаа дараа дурдаж байсан ба түүн шиг Төмөр хатагтай болохыг хүсдгээ ч илэрхийлж байсан нэгэн юм.


М.Тэтчерийн адил консерватив үзэлдээ үнэнч тэрээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг батлахын эсрэг байр сууриа илэрхийлж, гэрлэсэн хосууд заавал нэг овогтой байхыг, хаан ширээг хааны гэр бүлийн зөвхөн эрэгтэй гишүүн залгамжлахыг дэмжсээр ирсэн бөгөөд эмэгтэй хүний нийгэм болон гэр бүлд гүйцэтгэх үүргийн тал дээр илүү уламжлалт үзэл бодлыг баримталдаг нэгэн аж.
Өдөрт 2-хон цаг унтдаг гэдгээ илчилж, Японы ард иргэдийн төлөө зогсолтгүй ажиллана хэмээн амласан Санаи Такаичи Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байхдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Япон улсад хийсэн айлчлалынх нь үеэр уулзаж, Японы АНУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг 15 хувь хэвээр үлдээх, талууд улс эрчим хүч, хиймэл оюун ухаан, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, Японы компаниуд АНУ-д 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон юм.
Сүүлд Японы Ерөнхий сайд Санаи Такаичи 11-р сарын 7-нд Японы парламентын чуулганы үеэр Японы нутаг дэвсгэрээс 100 км зайд орших Тайвань руу Бээжин довтолсон тохиолдолд Токио уг довтолгоог Япон улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэж, хариу довтолгоо үзүүлж болзошгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн бухимдлыг төрүүлж, хоёр улсын харилцаа сүүлийн нэг сар хурцадмал байдалтай байгаа билээ.
Санаи Такаичи хэлсэн үгнээсээ буцахаас татгалзсанаар Бээжин өөрийн улсын иргэдээ Япон руу зорчихгүй байхыг уриалж, Японы аялал жуулчлал, худалдааны компаниудын хувьцааны үнэ унаад байгаа билээ.
Австрали Улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс болов
Австралид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг 12-р сарын 10-наас хориглов. Ингэснээр тус улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс болов. Австралийн эрх баригчид нийгмийн сүлжээнүүд дэх контентүүд нь өсвөр насныхны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн Facebook, Instagram, Threads, TikTok, X, Snapchat, YouTube, Twitch, Reddit зэрэг нийгмийн сүлжээнүүдээс 16-аас доош насныхныг платформдоо цаашид нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өндөр торгуульд унах эрсдэлтэйг нь анхааруулжээ.


Нийгмийн сүлжээ хэрэглэж чадахгүй болсон Австралийн өсвөр насныхан эхнээсээ засгийн газраа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна хэмээн буруутган шүүхэд өгөөд байна.
Тэгвэл Дани тэргүүтэй улс орнууд Австралийн жишээг дагаж, насанд хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Kpop Demon Hunters-н амжилт,
Хонконгийн орон сууцны хотхонд гарсан гал,
Луврын музейн дээрэм,
Бондайд болсон алан хядах ажиллагаа
1-р сарын 29-нд Вашингтон дахь Роналд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын ойролцоо American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц, АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж осолдсон билээ. Уг ослоос амьд үлдсэн хүн байхгүй ба American Airlines компанийн онгоцонд 60 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүн, АНУ-ын зэвсэгт хүчний нисдэг тэргэнд 3 хүн байсан юм.
6-р сарын 12-нд Air India агаарын тээврийн компанийн Boeing 787-8 Dreamliner зорчигч тээврийн онгоц Энэтхэгийн Ахмадабад хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо анагаахын коллежийн дотуур байрны барилгыг мөргөж осолдсоны улмаас тус онгоцонд зорчиж явсан 242 хүний 241 нь, дотуур байранд байсан 19 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн хүндээр гэмтсэн юм. Boeing 787-8 онгоцноос ганц зорчигч л ослоос амьд гарч чадсан юм.


6-р сарын 20-нд Netflix-ээр цацагдсан “Kpop Demon Hunters” хүүхэлдэйн кино олон тооны рекордуудыг эвдэж, асар их амжилтад хүрэв. Уг хүүхэлдэйн кино нь 325 сая гаруй үзэлттэйгээр Netflix стриминг үйлчилгээний хамгийн олон үзэлттэй оригинал контент болсноос гадна хүүхэлдэйн киноны гол дүрийн охидын Huntr/x хамтлагийн “Golden” дуу Billboard Hot 100 чартыг тэргүүлж, эмэгтэй уран бүтээлчдийн дуулсан анхны к-поп дуу болсон юм.


Луврын музейд гарсан дээрэм. 10-р сарын 19-ны өдөр барилгын ажилчдын дүрд хувирсан дээрэмчид Луврын музейн дэргэд барилгын ажилд ашиглаж байсан өргөгч краныг ашиглан Луврын музейн Сена мөрөн рүү харсан хоёр давхрын цонхыг хагалан орж, Францын хаад хатдын үнэт эдлэлүүдийг толилуулсан Аполлоны галерейд нэвтэрч 100 сая гаруй ам.долларын үнэд хүрэх үнэт эдлэлүүдийг 8 хүрэхгүй минутын дотор дээрэмсэн юм.
Тэд Францын эзэн хаан III Наполеоны гэргий Южиний энгэрийн зүүлт, I Наполеоны хоёр дахь гэргий Мари Луизын маргад эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлт болон ээмэг, хатан Мари Амели болон III Наполеоны ээж Ортенз Южини нарын титэм, хүзүүний зүүлт, ээмэг зэрэг нийт 8 үзмэрийг хулгайлан зугтжээ. Францын хууль сахиулагчид дээрэмчдийн хоёрыг нь баривчлаад байгаа ч хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдийн алийг нь ч олж чадаагүй хэвээр байна.


11-р сарын 26-нд Хонконг хотын Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court нэртэй орон сууцны хотхонд гал гарч, багадаа 161 хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтсэн билээ.
Уг хэргийг мөрдөж буй байцаагчид тус хотхоны гадна татсан хамгаалалтын тор нь галын аюулгүй байдлын стандартыг хангаагүй болохыг олж тогтоогоод байгаа ба галын аюулгүй байдлын зөрчил гаргаж, хүний амь хохироосон хэргээр багадаа 15 хүнийг баривчлаад байгаа юм.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор Хонконгийн эрх баригчид засварын ажил явагдаж барилгуудын гадна талд татсан хамгаалалтын торнуудыг авч хаяхыг үүрэг болгож, барилгын компаниудын ашиглаж буй хамгаалалтын торнуудын материалыг шинжлэхээр болсон юм.


Галт зэвсгийн хатуу хууль журамтай гэгддэг Австрали улсад алан хядагчид 14 хүний аминд хүрэв.
Энэ сарын 14-ны ням гарагт Австралийн алдартай Бондай наран шарлагын газарт галт зэвсгээр зэвсэглэсэн аав хүү хоёр гал нээж, 14 хүний аминд хүрч, 42 хүнийг шархдуулав. Алан хядах халдлага гарах үед Бондай наран шарлагын газарт еврейчүүдийн Ханука баярын эхний өдрийг тэмдэглэхээр 1000 гаруй хүн цугласан байжээ.
![]()
![]()
Австралийн хууль сахиулагчид тус халдлага нь еврейчүүдийг онилсон алан хядах ажиллагаа байсан гэж үзсэн юм.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез галт зэвсгийн хяналтын тухай хуулийг одоогийнхоос ч илүү чанга болгоно хэмээн амлаад байна.







