Канадын алдарт найруулагч Жэймс Кэмероны бүтээл “Avatar” уран сайхны киноны гуравдугаар анги “Avatar: Fire and Ash” нээлтийн эхэндээ дэлхий даяар 345 сая ам.долларын тасалбар борлуулж, шинжээчдийн урьдчилсан таамагтай нийцсэн амжилт үзүүллээ. Ингэснээр уг кино 2025 онд нээлтээ хийсэн Холливүүдийн бүтээлүүдээс “Zootopia 2” хүүхэлдэйн киноны дараа кассын орлогоороо хоёрдугаарт бичигдэж байна.
“Disney”-н мэдээлснээр, кино АНУ болон Канадад 88 сая ам.долларын орлого олж, дотоодын зах зээлийн жагсаалтыг тэргүүлжээ. “Fire and Ash” ангид Пандора гараг дээр амьдардаг нави хүмүүсийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлэх бөгөөд баярын улиралтай давхцан нээлтээ хийсэн нь цаашдын орлогыг өсгөнө хэмээн шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч өмнөх анги болох “Avatar: The Way of Water”-тай харьцуулахад нээлтийн орлого буурсан үзүүлэлттэй гарчээ.