
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Легал Атлас хуулийн фирмтэй хамтран “Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одмандах, АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан атташе Сара Бет Машл, БЗАХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Шанти нар үг хэлсэн бөгөөд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадавхыг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд тус сургалтын зорилго оршиж буйг онцоллоо.


“Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын 40 гаруй төлөөлөл хамрагдаж байна.
















