
Ирэх оны зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтуудын тасалбарын үнэ өндөр байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ч өнгөрсөн пүрэв гарагт тасалбарын захиалга нээгдсэнээс хойш тасалбар худалдан авах хүсэлтийн тоо 5 саяд хүрчээ.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос (ФИФА) мэдээлснээр дэлхийн 200 гаруй орноос ирсэн хүсэлтүүдээс 6-р сарын 27-нд Майами хотод Колумб, Португал хоёр улсын шигшээ баг хоорондоо тоглох хэсгийн тоглолтын тасалбар хамгийн өндөр эрэлттэйгээр шалгарчээ.
Нөгөө талаас Хөлбөмбөг Дэмжигчдийн Холбоо (FSA) нь АНУ, Канад, Мексик зэрэг 3 улсад зохион байгуулагдах ДАШТ-ий тоглолтуудын тасалбарын үнэ “гутамшигтай” өндөр байгааг шүүмжилжээ.
Хэсгийн тоглолтуудын тасалбарын үнэ 2022 онд Катарт болсон ДАШТ-ий тоглолтуудын тасалбарын үнээс 3 дахин өндөр, финалын тоглолтын тасалбарын хамгийн хямд нь л 4172 ам.доллар байгаа аж.
Английн Хөлбөмбөгийн холбоо тасалбарын үнийг буулгах хөгжөөн дэмжигчдийн хүсэлтийг ФИФА-д дамжуулахаа мэдэгдсэн бол FSA нь Европын Хөлбөмбөг Дэмжигчдийн холбоотой хамтран тасалбарын борлуулалтыг зогсоохыг шаардаж, ФИФА-тай яриа хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлжээ.
ФИФА-гийн удирдлагууд тасалбарын үнэ өндөр байгаа мэт санагдавч ФИФА нь тасалбарын үнийг АНУ-ын зах зээлийг бодолцож тогтоох, ДАШТ-ээс олсон ашиг орлогыг дэлхий даяар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зарцуулах үүрэгтэй гэдгийг онцолжээ.
Колумб vs. Португалын тоглолтоос гадна тасалбар нь хамгийн өндөр эрэлттэй байгаа тоглолтуудад 6-р сарын 13-нд Нью Жерсид болох Бразил vs. Марокко, 18нд Мексикийн Гуадалахара хотод болох Мексик vs. Өмнөд Солонгос, 25-нд Нью Жерсид болох Эквадор vs. Герман, 24-нд Майамид болох Шотланд vs. Бразилын шигшээ багийн тоглолтууд бичигджээ.
Хамгийн олон тасалбар авах хүсэлт илгээсэн орнуудад зохион байгуулагч АНУ, Мексик, Канад зэрэг орнуудаас гадна Колумб, Англи, Эквадор, Бразил, Аргентин, Шотланд, ХБНГУ, Австрали, Франц болон Панам зэрэг орнууд бичигджээ.
Эх сурвалж: BBC Sport






